УИХ-ын намрын ээлжит чуулган нээгээд 10 хонож байгаа ч Хууль зүйн сайдын томилгооноос өөр юу ч хэлэлцэж эхлээгүй байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхэлсэн төсвийн тодотголоо ч баталж амжаагүй, 2027 оны төсвөө ч хэлэлцэж эхлээгүй ёстой л "Бүтэл нь бөгсөөрөө эргэнэ" гэдэг шиг явж байна.
Та бүхэн санаж байгаа бол ердөө жил гаруйн өмнө эрх баригч намын хагарал, сөрөг хүчний бойкотоос болж парламент мөн л төсвөө ч хэлэлцэж чадахгүй гацаж, аргаа барсандаа хуулийн хугацаатай нь зэрэгцүүлж, ХАМ ХУМ төсвөө баталсны балгаар одоо төсвөө тодотгох гэж суугаа.
Тэгвэл энэ жил дээрх байдал давтагдахгүй гэх баталгаа алга. Мөн л эрх баригч намын 30:38 гэх хуваагдлаас болж чуулган битгий хэл, байнгын хорооны ирц нь ч хүрэхгүй "БАЙНГЫН ГАЦАА"-нд орлоо. Арга ядсан бололтой зарим гишүүд нь "Ажлаа хийж чадахгүй байгаа бол УИХ-ыг тараая" гэж дуугарч эхэлсэн. Зарим нь өнөөдрөөс олон нийтийн санал авна гэсэн.
Тэгвэл УИХ тарах нөхцөл, хуулийн орчин нь ямар байдаг вэ
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 34 дүгээр зүйл. Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох
34.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаасаа өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол;
34.1.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн Улсын Их Хурал хугацаанаас өмнө тарах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол.
34.2. Энэ хуулийн 34.1.1, 34.1.2-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тухай тогтоол баталсанд тооцно.
34.3. Ерөнхийлөгч дараах тохиолдолд Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана:
34.3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд анх оруулснаас хойш 45 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
34.3.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Ерөнхий сайдыг томилоогүй бол;
34.3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцорсонд тооцсоноос хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол.
34.4. Энэ хуулийн 34.1, 34.3-т заасан шийдвэр гарснаас хойш Улсын Их Хурал 10 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, 60 хоногийн дотор сонгууль явуулна. Шинээр бүрдсэн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.
34.5. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна гэжээ.
Эндээс харахад, хэн нэгэн улстөрч, иргэн "УИХ-ыг тараая" гэж орилоод тарахгүй. УИХ-ын нийт 126 гишүүний 2/3 буюу 84-өөс дээш гишүүн тогтоол өргөн барьж, мөн тооны гишүүд дэмжиж байж УИХ тарах замдаа орох юм. Үүнээс бусдаар иргэд мянган удаа "УИХ тар" гэж, ганц нэг гишүүн "Хэдүүлээ таръя дөө" гээд ч нэмэргүй гэсэн үг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!