УИХ-ын гишүүн асан, Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэлээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-"No Double standart" хөдөлгөөний залуус болох иргэн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж, тэдний зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэлээ. Та хүний эрхийг хангах чиглэлд ажилладаг хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Иргэн Э.Одбаяр, н.Цацрал нар ямар нэгэн эрүүгийн хэрэг хийгээгүй. Хүчирхийлэл, дайн самуунд бусдыг уриалах гэх мэт эрүүгийн зүйл ангиар тодорхойлогдох хэрэг хийгээгүй. Тэд үг хэлэх эрх чөлөөгөө чөлөөтэй эдэлж, байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр өөрсдийнхөө үзэл бодол, байр суурийг илэрхийлснийхээ төлөө шүүгдэнэ гэдэг бол үг хэлэх эрх чөлөөнд халдаж байна гэсэн үг.
Нэг хүнд нийцүүлж буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний санаанд нийцээгүй үг хэлснийхээ төлөө энэ хүмүүс эрүүгийн хэрэгт холбогдоод явж байна. Тэгэхээр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй Ардчилсан оронд энэ бол хүний эрхийг зөрчиж байгаатай ялгаагүй. Энэ бол хүний эрхийн суурь зөрчил. Тиймээс энэ суурь зөрчлийг арилгуулахын төлөө ХЭҮК-ийг ажиллаач гэж шаардах эрхтэй. Тиймээс Э.Одбаяр нарын хэрэгт ХЭҮК тусгайлан анализ, дүгнэлт хийж, хүний эрхийн тайлан гаргаад УИХ, ЗГ, ЦЕГ-ын зүгээс хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа энэ зөрчлүүдийг арилгах шаардлагатай.
Эс бөгөөс үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснийхээ төлөө, жагссаныхаа төлөө эрүүгийн хэрэгт ордог байдал бий болчихвол цаашдаа маш хортой үр дагавартай. Үүний өмнө цалингаа нэмүүлье гэж жагссан эмч нарыг бас эрүүлжүүлсэн. Эмч нарын жагсаал цуглааныг зохион байгуулсан ҮЭ-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгээд амыг нь таглаж байсан. Тэр хэрэг шүүхийн шатанд очилгүй хаагдсан байх гэж найдаж байна.
-Та шинэ нам байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Намын үйл ажиллагаа, зорилгынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай Иргэдийн оролцооны нэгдэл нам иргэдийг улстөрд шийдвэр гаргахад, мөн өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахад идэвхтэй оролцдог иргэд байлгахын төлөө байгуулагдсан нам. Иргэд талбар, талбартаа идэвхтэй оролцогч байх ёстой. Сайн идэвхтэй оролцож байж, иргэд юу хүсч байгаагаа илэрхийлж хөгжүүлж чадна. Холбооны болон сангийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд иргэний нийгмийн байгууллагуудаас санал авах хуулийн төсөлд саналаа хэлсэн.
Миний зүгээс "ТББ-ын тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгож болохгүй" гэдэг байр суурийг хатуу хэлсэн. Учир нь ТББ тухай хууль иргэний нийгмийн бүх хэлбэрийн оршин тогтнох боломжийг хангаж байдаг. Биднийхээр бол эрх чөлөөний гишгэх газар юм.
-УИХ-аар хэлэлцэгдэж магадгүй улстөрийн намын тухай хуулиар ямар байр суурьтай байгаа вэ?
-Би УИХ-ын гишүүдийг аливаа нэгэн улстөрийн намын тухай хууль, улстөрийн санхүүжилтийн тухай хууль, сонгуулийн тухай хууль ярихынхаа өмнө "Намуудын 95 алдаа" гэх миний номыг уншчихаач ээ гэж зөвлөмөөр байна. Намууд эхлээд алдаагаа олоод харчих. Технологийн бүх алдаагаа олж харчихаад тэр алдаануудаа засах чиглэлд хууль оруулж ирж байгаа бол болж байна. Тэр алдаануудаа илүү институцийн хэмжээнд бэхжүүлж авах гэж байгаа бол энэ хууль хэрэггүй. Тэгэхээр МАН, АН дээр байгаа нэлээн институцийн алдаа ужгирчихсан байгаа. Тиймээс миний номыг сайн уншаач, олж хараач гэж хэлмээр байна.