ХҮН нам эмэгтэй манлайлагчдыг дэмжих 50:50 бодлогоо зарлалаа. Энэ хүрээнд ХҮН намын УЗ-ийн гишүүн, НИХТ Д.Гантулгаас тодрууллаа.
Тэрбээр, "Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал гэдэг бол маш өргөн сэдэв. Энэ зүгээр нэг манай хууль эрх зүйн орчинд байгаа шиг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй байна гэдэг асуудлаас өөр. Энэ нь өөрөө маш жижиг асуудал. Эмэгтэйчүүдийн манлайлал гэдэг нь өргөн утгаар яригдана. Дэвшээд сонгогддоггүй сонгуулийн мажоритар тогтолцоотой байхад бид нар яаж эмэгтэйчүүдийн манлайллыг ярих юм бэ. Дэлхий дээр 74 улс мажоритар тогтолцоотой байна. Тэд нарын парламентад сууж байгаа эмэгтэйчүүдийн дундаж тоо 17 хувь байна.
Монгол улсынх 17.6 хувь. Нийт 13 эмэгтэй гишүүн байгаа шүү дээ. Энэ нь 76 гишүүндээ 17.6 хувь гэхээр яг адилхан. Тогтолцоо ямар байна манлайлал тийм л байна. Цаашлаад холимог тогтолцоотой 30 орны хувьд эмэгтэйчүүдийн манлайлал 25 буюу парламентад сууж байгаа нийт гишүүдийн 25 хувь нь эмэгтэй байна. Хувь тэнжүүлсэн сонгуулийн тогтолцоотой 79 орны 27 нь өсөх жишээтэй. Тэгэхээр энэ эрх баригчид эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжье гэж байгаа бол сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. Ингэж байж хүн амын 51 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүд маань өөрсдөө илүү төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлж эхэлнэ. Хэрвээ эмэгтэйчүүд илүү оролцох юм бол хамгийн наад захын жишээг хэлэхэд аливаа асуудлыг захиргаадалтын аргаар биш илүү зөвшилцөлд үндэслэдэг байх ёстой. Хамгийн чухал нь энд магадгүй авлигын асуудал яригдах ёстой. Судлаачдын үзэж байгаагаар эмэгтэйчүүд аливаа асуудалд оролцоод эхлэхээр авлига буурдаг.
Манай улс одоогоор 190 орноос эмэгтэйчүүдийн манлайллаар, парламентад сууж байгаа эмэгтэй гишүүдийн тоогоороо 116 дугаар байрт орж байна. Авлигын индексээр мөн 110-т байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийн жендерийн асуудал гэдэг бол зүгээр нэг сонгууль болгоны өмнө намууд гарч ирээд эмэгтэйчүүдээ дэмжих гэдэг асуудлыг яриад өнгөрдөг байж болохгүй. Тиймээс ХҮН нам өнөөдөр энэ 50:50 гэдэг хөтөлбөрөө КОЙКА ОУБ-тай хамтраад амжилттай хэрэгжүүлж байна.
Ер нь энэ нийгмийн амьдралын нэг л хэсэг нь улс төр болж байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд нийгмийн амьдрал, гэр бүл, бизнес эрхлэлт дээрээ эрэгтэйчүүдээс илүү манлайлж байгаа нь үнэн. Гэтэл яагаад улс төрд орохгүй байна вэ гэхээр тэр улс төрийн хүрээ нь өөрөө замбараагүй байгаад байгаа юм. Мөнгө их хэрэгтэй болж байна. Орохоор нь янз бүрийн дарамт шахалт ирдэг, эрэгтэйчүүд нь бохир улс төртэйгөө хутгадаг асуудал бий. Энэ бүгдээс эмэгтэйчүүд үнэнийг хэлэхэд жийрхдэг болчихсон байна. Тиймээс эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллах нь хамгийн чухал байна" гэв.