Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН: Ирэх жил шинэ хөрөнгө оруулалтын төсөл тавих бол санхүүжих дүн нь улсын төсвийн 30 хувиас доошгүй байх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 24 секунд

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгээс мэдээлэл өгөв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Зөвхөн энэ жилийн хувьд буюу 2023 оны төсвийн төсөлд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөр хийгдэнэ. Гэтэл хүлээгдэж буй санхүүжилтын дүн нь 1.5 их наяд. 2025 онд 233 тэрбум, нийлбэр дүнгээрээ дахиад энэ жилийн төсөвтэй дүйцэх хэмжээний, 2 их наяд төгрөгийн санхүүжилтын асуудал үлдэж байна гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг мэргэжлийн байгууллага, БХБЯ, тухайн ААН, байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, цаашид эдгээр асуудлууд дээр ачаалал үүсгэхгүй байх үүднээс шийдэх тодорхой шийдлийг Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиуд дээр хийх шаардлагатай байна гэсэн асуудал тавьж байгаа юм. Үүнд, бид Төсвийн тухай хуулин дээр хариуцлага, сахилга батыг сайжруулах тал дээр хоёр зүйл заалт оруулж өгч байна. Цаашдаа энэ заалтууд батлагдвал ирэх онуудаас эхлээд шинэ хөтөлбөр, төсөл арга хэмжээний асуудлууд кодлогдоно. Цаашдаа хяналтын системүүд хэрэгжээд явах бүрэн боломж бололцоо бүрдэж, хэрэгжээд явна гэж бид үзэж байна.

Хоёрдугаарт, шинэ хөрөнгө оруулалтын төслүүдийг ирэх жилүүдэд тавих тохиолдолд тухайн жилийн санхүүжих дүн нь улсын төсвөөс 30 хувиас доошгүй байх ёстой гэсэн асуудлыг тавьж байгаа. Хэрэв улсын төсвөөс тодорхой хэмжээ ажил үйлчилгээ хийж байгаа бол тухайн жилдээ энэ асуудал нь дуусдаг байх асуудлыг тавьж байгаа юм. Бүр цаад талын хугацаа нь 30 хувиас доошгүй гэхээр гурван жилийн хугацаанд тухайн ажил үйлчилгээ дуусдаг байна. Энэ жилийнх шиг тодорхой, магадгүй өнгөрсөн жилийн үүссэн ковид-19-ийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэйгээр төсөвт өртөг нэмэгддэг асуудлыг хязгаарлах, зохицуулах эрх зүйн орчныг хийж өгөх асуудлыг тавьж байна.

Мөн аж ахуйн нэгж байгууллагуудаас тодорхой хүсэлтүүд тавьсан. Тухайн төсвийн жил эхэлснээс хойш төр өөрөө зарласан ажил үйлчилгээ дээрээ төсвийн тодотголоор тухайн санхүүжилтыг бууруулдаг асуудлууд байна. "Бид ажлаа төлөвлөөд, банкнаас зээл аваад ордог. Гэтэл төлөвлөсөн ажил нь дөрөв, тав дахин багасаад, санхүүжилтын дүн нь буурдаг, бид эргээд банкны хүүгийн дарамтад ордог нь төрөөс хамааралтай байна. Энэ алдаагаа засч өгөөч" гэдэг асуудал тавьж байгаа юм. Бид энэ асуудлыг цаашдаа төсвийн жил эхэлснээс хойш ямар нэг байдлаар төрөөс хийж буй ажил, үйлчилгээний санхүүжилтыг бууруулахгүй байх, аж ахуйн нэгжүүдээ хамгаалах үүднээс хязгаарлах заалтуудыг хориглох заалтууд оруулж өгч байна" хэмээлээ.

О.Цогтгэрэл: Олон улсын биржүүд манай бондыг Украйны бондоос доогуур үнэлж байгаа
О.Цогтгэрэл: Олон улсын биржүүд манай бондыг Украйны бондоос доогуур үнэлж байгаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.