ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Гадаадын хөрөнгө оруулагчдын манай улсын иргэд хэрхэн дээрэмдсэн тухай мэдээлэв. Энэ үеэрээ тэрбээр хаагдсан, хэрэгсэхгүй болсон хэргүүдийг дахин шалгуулах хүсэлтийг АЖЛЫН ХЭСГЭЭС холбогдох байгууллагууд болон прокурорын байгууллагад хүргүүлнэ гэв. Тэгвэл түүний танилцуулсан хэргүүдэд хаагдсан гурван хэрэг байна.
ХЭРЭГ 1
“БНХАУ-ын иргэн “ХГ” захиралтай “Ж” ХХК нь 2008-2012 оны хооронд үйл ажиллагаа явуулж олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын татварын тайландаа тусгалгүй их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн, Мөн БНХАУ-ын иргэн “ХГ”-ийн үүсгэн байгуулсан “С” ХХК-ийн 75%-ийг “Т” ХХК–ийн нэр дээр шилжүүлэхдээ Монгол Улсын иргэн “Я”, “Б” нар нь “ХГ”-ын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Албан тушаалтан “Д” нь “Ж” ХХК-ний их хэмжээний татвар төлөхөөс зайлхийсэн гэмт хэрэгт нөлөөлнө гэж амлан албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон.
“Ж” ХХК-ийн нягтлан бодогч “ХШ”-т их хэмжээний татвар төлхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлээр шүүхийн 2013.12.04-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 56,1 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Бусад холбогдогч нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн асуудлыг тогтоох боломжгүй, албан тушаалтан “Д” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан.
ХЭРЭГ 2
“Монгол Улсын иргэн “Г” нь ОХУ-ын иргэн “П”-ээс “А” ХХК-ийг худалдан авах зорилгоор хэлцэл хийх үед албан тушаалтан байсан “Д” нь хувьдаа болон бусдад давуу байдал бий болгож ашиг олох зорилгоор “Г”-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт нөлөөлж, иргэн “Б”-ээр дамжуулан “Г”-ээс хахууль шаардсан. Улмаар 2011 онд нийт 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын авлигыг өөрийн төрсөн дүү “Б”-ын эзэмшдэг компанийн дансаар авсан” гэх.
Монгол Улсын иргэн “Д”, “Б”, “Г” нар Мөрдөн шалгах ажиллагаагаар авлигал авсан үйлдэл нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Сануулахад, “Алтан дорнод Монгол” компанийг ОХУ-ын иргэн Сергей Паушокоос Т.Ганболд авсан хэрэг аж.
ХЭРЭГ 3
ОХУ-ын иргэн “П” нь “А” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсад үндсэн хөрөнгө худалдан авч, уул уурхайн ашиглалт олборлолт явуулах нэрийдлээр 30 сая ам.долларын санхүүгийн баримт материалуудыг бүрдүүлж их хэмжээний мөнгийг угааж, хувьдаа завшсан.
ОХУ-ын иргэн “П” Мөрдөн шалгах ажиллагааны үед дээрх асуудал нь ОХУ-ын Москва хотын Олон улсын худалдааны Арбитрын шүүхийн 2012.06.07-ны өдрийн шийдвэрээр шийдвэрлэгдэж дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна гэжээ.