Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.14/ боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгууллаа.
ОХУ-аас импортолж байгаа шатахууны татан авалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцуудыг АИ-92 бензинээр нөхөн хангах ажлыг хугацаа алдалгүй эрчимжүүлэхийг импортлогч аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгов.
Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ:
- Сүүлийн 48 цагийн хугацаанд Улаанбаатар хотод АИ-92 шатахуунтай нийт 74 вагон буусан бөгөөд өнөөдрийн 14:30 цагт дахин 19 вагон ирээд байна.
- Шатахуун тээвэрлэгч авто машинуудыг замд саадгүй нэвтрүүлэхэд Тээврийн цагдаагийн албанаас онцгой анхаарах, мөн нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэх чиглэл өглөө.
- Ирэх даваа гараг гэхэд Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд шатахууны хангамж, түгээлтийг бүрэн хэвийн түвшинд хүргэхээр ажиллаж байна.
Шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт болон нэг удаад 50,000 төгрөгийн олголтын лимит тогтоосон нь зохих үр дүнгээ өгсөн. Уг түр зохицуулалт нь 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд ням гарагаас эхлэн бүх ШТС-ууд дугаарын болон үнийн дүнгийн хязгаарлалтгүйгээр шатахуун олгох юм.
Манай улс БНХАУ-аас сар бүр 71,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох хүсэлт гаргаж, холбогдох яриа хэлэлцээр үргэлжилж байна. Хятадын талаас гурван хилийн боомтоор дамжуулан сард 75,000 хүртэлх тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойгоо мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!