Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, тэр чинээгээр худалдан авах чадвар ч эрс муудаж буй асуудлыг олон нийт хөндөн тавьдаг. Тэгвэл есдүгээр сар гарсаар иргэдийн худалдан авалт хэр байгаа талаар худалдаа эрхлэгч О.Батнасантай ярилцлаа.
-Сүүлийн үед танай дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдийн худалдан авах чадвар ямар байна?
-Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна. Энэ нь дэлгүүрт зарагддаг байсан бараа бүтээгдэхүүн зарагдахгүй байгаагаас илт мэдрэгдэж байгаа юм. Жишээлбэл, манай дэлгүүрт хоёр шуудай төмс ойролцоогоор долоо хоногийн дотор борлуулагддаг байсан бол одоо зарагдахаа больсон. Шуудай төмс зарагдахаа больж дэлгүүрт удаан хадгалснаас үүдэж муудаж эхэлж байна. Сүүлийн үед талх бүр зарагдахаа больсон.
Хүнсний ногоо, бүтээгдэхүүнийг нэг нэг ширхгээр худалдан авдаг боллоо. Өмнө килограммаар худалдаад авчихдаг байсан. Дунд зэргийн хэмжээтэй лууванг "Том байна, голоор нь хувааж авья" гэдэг болсон. Жишээлбэл, энэ лууванг граммлаж үзвэл 500 төгрөг л болно. Одоо бүр бүх зүйлээ л жижигрүүлээд байна шүү дээ. Жижиг сонгино хүртэл хайдаг болсон болохоор жижгийг нь ялгаад тавьчихдаг болсон. Ийм том сонгино авч чадахаа больсон.
Хүмүүсийн аж амьдрал доошилж, мөнгөний ханш ч унаж байна. Инфляцитайгаа уялдуулж цалин, тэтгэврээ нэмэх ёстой.
-Орлого буурч байгаа нь худалдаа эрхлэгчийн хувьд танд ямар хүндрэл үүсч эхэлж байна вэ?
-Нэг сая төгрөгийн цалинтай хүний цалин 500 мянган төгрөг болоод хувирчихлаа. Тэгвэл цалин, хөлсөө нэмэх ёстой. Гэтэл нөгөө талдаа цалингаа нэмье гэхээр ажил олгогчдод хүндрэл үүсч байна.
Жишээлбэл, би нэг хүнийг туслахаар аваад ажиллуулчихдаг байсан бол авч ирсэн барааны 50 хувь нь хаягдчихаар би хүнээ цалинжуулж чадхааргүй болчихож байгаа юм. Энэ мэтчилэнгээр эдийн засаг бүх давхаргад л хямраад байгааг яаж даван туулах вэ гэж их л бодох юм.
-Сарын аль үед худалдан авалт нэмэгдэх эрчимтэй байдаг вэ. Энэ байдал хэр удаан үргэлжлэх үү?
-Худалдан авалт сард гурван удаа буюу сарын 4-5 өдөрт нь л сайжирдаг. Сарын эхэнд буюу тэтгэвэр буух үеэр хоёр хоног гайгүй болно. Сарын дунд үеэр ажил хийдэг хүмүүсийнх нь цалин бууна. Тэр үеэр худалдан авалт хоёр өдөр сайжирна. Хүүхдийн мөнгө буух үеэр худалдан авалт нэмэгдээд хоёр өдрийн дараагаас буцаад л хэцүү байдалдаа шилжинэ.
-Иргэд өмнө худалдаад авчихдаг байсан ч одоо зарагдахаа ч больсон бараа бүтээгдэхүүн юу байна вэ?
-Хүмүүс сард нэг удаа гэр бүлээрээ тойрч суугаад гахай, тахианы мах худалдан аваад хоол хийгээд идчихдэг байсан бол энэ хэрэглээ байхгүй болсон. Өмнө дэлгүүрт чинжүү, гахай, тахианы мах, огурцы зэрэг нь муудахгүйгээр зарагдчихдаг байсан. Гэтэл одоо энэ өрөөстэй байгаа өргөст хэмх бүгд зөөлрөөд муудчихсан учраас хаях гээд ялгаад тавьчихсан байна.
Худалдаа эрхлэгч би үүнийг зарж чадахгүй нийлүүлэгчид өгөхөд тухайн нийлүүлэгч үүнийг цааш хаяна. Тэгэхээр эдийн засагт их хэмжээний мөнгийг хүнс тэжээлээр хаяаад эхэлж байна.
-Тэгэхээр үүнээс нэг асуудал гарч ирнэ. Тэгвэл таны хэлж буй гурван үечлэлээс бусад үед иргэд амьдралаа хэрхэн залгуулж байна вэ?
-Бусад үед өрөөр л амьдралаа зогоож байна. Манай хавьд 10 дэлгүүр байлаа гэж бодоход энэ бүсчлэлд байгаа 1000 орчим айлын өдрийн хэрэглээг бид залгуулж байна шүү дээ. Зээл өгөх байдлаар. Сүүлдээ дэлгүүрийн орлого ямар байгаа билээ, эргээгээд бид зээл өгч чадхааргүй хэмжээнд очих гээд байна.
-Та өрийн дэвтрээ харуулж болох уу?
-Дэлгүүр бүрт л өрийн дэвтэр бий байх. Энэ 60 хуудастай дэвтрийг би хоёр сарын өмнө л нээсэн. Одоо бараг л дүүрэх гэж байна.
-Хэзээ нээсэн дэвтэр вэ. Иргэд дунджаар өдөрт хэдэн төгрөгийн зээл авах уу?
-Жишээлбэл, би өглөө 8:30 цагт дэлгүүрээ нээсэн. Хагас өдрийн дотор 200 мянган төгрөгийн зээл өгчихсөн байна. Өгнө өө гээд л авдаг юм. Өгөхгүй байгаа хүмүүс ч байна. Энэ биднийг татаж унагаана. Би тооцож үзэхэд, 2 сая төгрөгийн өгөөгүй зээл байна. Удаан хугацаанд өгөөгүй байгаагаас гадна олж авч чадахаа больчихсон хүмүүс энэ дунд бий. Итгэл олоод л зээл авдаг. Эргээд бид олж авч чадахаа байсан.
-Иргэдийн худалдан авдаг өргөн хэрэглээний бараа дундаас гурил гурилан бүтээгдэхүүн хамгийн борлуулалттай нь. Гэхдээ одоогийн нөхцөлд ямар байна?
-Манай дэлгүүрт "Атар" талх өдөртөө зарагддаг байсан бол хонодог болсон. Талхны үнэ ч нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс үзэхэд иргэдийн худалдан авах чадвар нүдэнд дээр буурч байна.