Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” 2020 оны тавдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тохиодог.
Улаанбаатар хотын ногоон бүсийн ой бүхий талбайг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон төгөл байгуулах зорилгоор Нийслэлийн есөн дүүрэгт Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд зориулан “Төгсөгчдийн төгөл” байгуулах санаачлагыг эхлүүлж, дүүрэг бүрийн Боловсролын хэлтэст төгсөгчдийн нэрэмжит ойн төгөл байгуулах зориулалтаар 3 га газрыг олгож, газрын гэрчилгээг гардуулах арга хэмжээ тавдугаар сарын 9-ний өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Минж нутагшуулах төвд болов.
Мөн “Минж нутагшуулах төв”-ийг түшиглэн агаар, орчны бохирдлыг хамгийн сайн шингээгч мод, модлог ургамлын үрсэлгээ хийх сургалт, судалгааны төвийг байгуулж, нээлтийг хийлээ. Энэхүү төвд хүүхэд залуучууд модны суулгац, модлог ургамлын үрсэлгээг хийх сургалт, дадлага сургуулалтыг хийж, ургуулсан суулгацаараа “Төгсөгчдийн төгөл байгуулах" хотын ногоон байгууламж, ногоон бүсийн ойжуулалтыг хийх бөгөөд ойн аж ахуй эрхлэх, хашаа, эзэмшил газартаа мод тарих хүсэлтэй иргэдэд зориулсан үнэ төлбөргүй сургалтууд тогтмол явагдах аж.
Энэ үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Д.Мөнхжаргал “Өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Байгаль орчны газар хамтран Гачуурт дахь нийслэлчүүдийн ундны усны хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн 100 га талбайд навчит болон шилмүүст мод тарьж, усны ундрагыг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрийг хангаж, хөрсний доройтлоос сэргийлэх арга хэмжээг авсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн 2 хорооны Жаргалантын аманд Хогийн цэг байсан талбайд “Мөрөөдлийн ой” төслийг эхлүүлэн Улаанбаатар хотын хоёр дахь томоохон цэцэрлэгт хүрээлэн буюу 100 га талбайг 2018-2027 оны хооронд жил бүр 10 га талбайг ойжуулах ажлыг Улаанбаатар хот, БНСУ-ын Инчеон хотын хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд хүүхэд залуучуудад зориулсан мод үрсэлгээний Ботаникийн цэцэрлэг байгуулж, 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 9 дүүргийн Боловсролын хэлтэст зориулан “Төгсөгчдийн төгөл” байгуулах газар олгож, үйл ажиллагааг эхлүүлж байгаагаараа онцлог юм” хэмээлээ.
Нийслэлийн есөн дүүрэгт хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, мод тарих боломжтой газрын байршлыг урьдчилан төлөвлөж /1884 га/, өөрсдийн хөрөнгөөр дээрх газруудад мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулах замаар таримал ойг улсын санд хүлээн авах шинэ менежментийг нэвтрүүлсэн бөгөөд өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийх, хөв цөөрөм байгуулах, орон нутгийн хамгаалалттай газар байгаль хамгааллын ажил хэрэгжүүлэх сонирхолтой байгууллагууд нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэст хандах боломжтой.