"Фауст", "Гэм зэм" жүжгээр "хашгирсан" залуу. Жүжиг дууссаны хойно танхим дүүрэн алга ташилт, санаанд ч багтамгүй их санал шүүмж ч угтана. Тиймдээ ч тэр үзэгчдэд дараагийн уран бүтээлээрээ хүлээлт үүсгэчихсэн. Харин саяхнаас тэр үнэт чулуунд нуусан ховор "эрдэнэ-ээ хүргэж эхэлсэн. Тэр бол Опал. Та бүхнийг Опал-тай танилцуулж буй найруулагч М.Батболдтой уулзуулья.
-"Гэм зэм" жүжгийг тавьснаас хойш бараг жилийнхээ ой дээрээ шинэ жүжгээр тань таньтай уулзаж байна. Шинэ зохиол барьж аваад ажиллахад хангалттай хугацаа байж чадав уу?
-Зохиолыг нь гурван жилийн өмнө анх уншиж байсан. Жүжгийн маань ажил зургаадугаар сараас эхэлсэн. Харин наймдугаар сараас ширээний уншлага эхэлсэн. Тайз, декрацын ажилдаа ороод аравдугаар сард ийнхүү нээлтээ хийчихээд л байж байна даа. Маш богино хугацаанд том зохиол барьж авч ажилласан учраас өмнөх хоёр жүжгээс ч илүү "зовсон" шүү.
-Фауст, Гэм зэм зэрэг жүжгүүд олон нийтээс өндөр үнэлгээ авсан учраас араасаа хүлээлтээ үүсгэчихсэн. Энэ удаа таны барьж авсан зохиол ч, жүжигчдийн сонголт ч сонирхолтой санагдсан?
-Анх Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуяг багш маань “Чи л энэ зохиолыг жүжиг болго. Би уг нь энэ зохиолоор жүжиг тавина гэж бодож байсан юм. Гэхдээ одоо энэ чиний ажил" гэж байлаа. Тэр үед зохиолыг нь уншаад шууд л таалагдсан юм.
Жүжигчдийн асуудал. Тэр тусмаа гол дүрд хэнийг тоглуулах вэ гэдэгт багш бид хоёр их ч ярилцсан. Тэгээд л хэсэг хугацаанд азнаж, зохиолоо ярилцсан хэвээр байсан. Өөр жүжиг дээр хамтарч ажиллахаар ярилцаж байх үедээ О.Энхтуул эгчийг Опал жүжигт урьж тоглуулъя гэж бодсон. Тэр үед "Опал чинь ерөөсөө л О.Энхтуул эгч байсан байна шүү дээ" гэж толгойд буусан. Эрж хайж явсан зүйл олдохдоо зурвасхан агшинд гэнэт л ороод ирдэг юм билээ. Жолоо барьж яваад л санаанд О.Энхтуул эгч шууд л буусан нь тэр шүү дээ. Дараагаар нь багш руу залгаад О.Энхтуул эгчийг тоглуулах санаагаа хэлэхэд дэмжсэн.
-Зохиолоо Германд байхад нь цахимаар холбогдож уншуулсан гэж байсан?
-Тийм ээ. О.Энхтуул эгч рүү Германд байхад нь зохиолоо явуулахад, уншчихаад “Опал чинь би байна шүү дээ” гэж хэлж байсныг тод гэгч нь санаж байна. Ингэж л жүжгийн маань ажил өрнөж эхэлсэн. О.Энхтуул эгч өөрөө хүчтэй сэтгэлзүйтэй хүн. Бусдыг өөртөө татдаг сэтгэлзүйн эрчим ихтэй, эмэгтэй хүний гадаад өгөгдөл нь сонирхолтой, өөрт нь гэгээлэг хэр хүчтэй чанар харагддаг. Тэр олон чанарууд нь гол дүр дээр О.Энхтуул эгчийг олж харах хөшүүрэг болсон.
-"Опал"-ын өмнө танд өөр сонголт байсан гэж сонссон?
-Тийм ээ. Тэр нь Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр” зохиол. Энэ зохиолыг барьж аваад ид ажиллаж байх үед Опал жүжиг рүү “дайрсан”.
-Яагаад?
-Цаг үетэйгээ илэрхий холбосон жүжиг хиймээр санагдсан юм. Нийгмийн эмзэглэл гээд л ярьдаг даа. Уран бүтээлч хүний өөрийн суурь үзэл баримтлал, уран бүтээлд хандах хандлагаас үүдсэн уран бүтээлүүд гэж байна. Фауст, Гэм зэм гэх мэт. Харин нөгөө шугам нь цаг үеийн эмзэглэлээс үүдсэн бүтээл. Үүний нэг нь Опал. Өмнө би УДЭТ-д байхдаа "Хайрын виз" жүжгийг найруулан тавьж байсан. Нийгмийн шаардлагыг мэдэрсний үндсэн дээр тавьсан жүжиг гэж хэлж болно.
-Тэгэхээр "Опал" руу дайрсан нь ч шалтгаантай байх нь?
-Би сэтгэлзүйч суурьтай хүн болохоор илүү философи сэтгэлгээний гүн судалгаан дээр үндэслэсэн классик зохиолуудыг барьж ажиллах дуртай. Опал жүжгийн хувьд тэр чигтээ өнөөгийн нийгэм. Бидний амьдарч буй орчин, тойрон хүрээлж буй хүмүүс, бидний ертөнцөд хэрэгтэй байгаа дутагдсан басхүү хайж байгаа мэдрэмж нь энэ зохиолд байна гэж харсан. Тэгвэл тэрхүү мэдрэмжийг жүжгээрээ дамжуулан хүмүүст өгье гэж бодсон. Мэдрэмжийн бэлэг. Цаг үе нийгмийн нөхцөл байдалтай уялдсан сонголт.
-Нөгөө талдаа таны багшийн танд өгсөн "даалгавар" нь Опал. Та даалгавараа хэр гүйцэтгэсэн гэж бодож байна?
-Би чинь Москвад сурахаасаа өмнө СУИС -д хоёр жил сурсан. Урлагийн анхны А үсэг заасан багш. Багшийгаа үргэлж харж, сонсдог. Надад энэ зохиолыг өгөхөд нь ёстой л даалгавар шиг санагдсан. Яаж үүнийг хийх вэ, багшдаа хийж бэлэг барих вэ гэж их ч бодсон.
-Жүжиг тоглогдож эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч. Багштайгаа уулзав уу?
-Уулзсан. Хэд хэдэн удаа уулзаад тодорхой чиглэлүүд өгсөн. Дахиад нэг удаа үзнэ гэж хэлсэн. Түүнийг нь л хүлээж байна.
-Үнэлгээгээ аваагүй л байгаа юу?
-Эцсийн үнэлгээгээ хэлээгүй л байгаа шүү дээ /инээв/
-Бусдыг хүлээн зөвшөөрч сурахад саад болж буй зүйл нь ҮЗЭН ЯДАЛТ-
-Буцаад жүжиг рүүгээ оръё. Уран бүтээлчийн хувьд нийгмийн эмзэглэлээс үүдсэн сонголт гэж та дурдсан. Дутагдсан басхүү хайж буй мэдрэмж энэ зохиолд байна гэлээ. Таны олж харсан бидэнд байхгүй, дутагдаж байгаа мэдрэмж нь юу байв?
-Хүлээн зөвшөөрөх. Энэ ойлголт их өргөн. Өөрөө өөрийгөө, хажуудаа байгаа хүнээ, хамтарч ажиллаж буй байгууллагаа хүлээн зөвшөөрөх гээд л олон зүйийг дурдаж болно.
Хүнийг сайнтай, муутай нь хүлээн зөвшөөрч байж түүнээс гарцыг олдог процесс бол эрүүл нийгмийн хандлага. Хүлээн зөвшөөрч сурахад бидэнд юу саад болоод байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэрхүү саад нь үзэн ядалт.
Үл хүлээн зөвшөөрснөөсөө болж цагаа хий дэмий өнгөрүүлээд, алдаад байна. Гэтэл биднийг төгс хөгжил хүлээж байгаа энэ цаг үед бид бие биеийгээ хүлээн зөвшөөрөх л шаардлагатай. Бодит байдлыг л хүлээн зөвшөөрнө гэсэн үг шүү дээ. Би муу байна, би чадахгүй байна. Байгаа зүйлээ л хүлээн зөвшөөр. Энэ асуудал сэтгэл зүрхний боловсрлын суурь дээр зөв хандлагыг бид өөрөө өөрсдөө хийх ёстой. Хүлээн зөвшөөрч байж нэгдэнэ, амжилтад хүрнэ.
Ах нь дүүгийнхээ амжилтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, найз нь найзынхаа амжилтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Би түүнийг харж, хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг. Энэ бол үл хүлээн зөвшөөрөх байдал. Үүний цаана өнөөх л үзэн ядалт. Энэ өөрөө маш их цаг авч байна. Үүнийг даван туулахын тулд бие биеэ хайрлах, ойлголцох, хамтдаа "дайрах" ёстой.
Эсвэл хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хүлээн зөвшөөр. Таалагдахгүй байгаагаа хүлээн зөвшөөрье. Энэ өөрөө амжилтад хүрэхийн хамгийн том үндэс. Энэ эмзэглэлээс үүдсэн зохиол бол Опал.
Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчил гээд л. Энэ бүгд үзэн ядалт, үл хүлээн зөвшөөрсөн байдлаас үүдэж байгаа. Энэ зохиол үзэн ядалтыг хайр болгож байгаа. Үл хүлээн зөвшөөрч буй байдлыг хүлээн зөвшөөрч болдог юм байна гэх мэдрэмжид хувиргаж чадаж байгаа мутаци хийж буй зохиол. Тиймээс үүнийг мэдрэх нь үзэгчдэд аливаа зүйлийг бодоход нь эхлэл болох болов уу гэж горьдсон.
-Уйлж байхдаа инээх боломжийг ОПАЛ олгоно-
-60 настай зохиол. Дэлхийн олон оронд тавигдсан. Ингэхдээ өөр өөрсдийн хэв маягтай. Таны хувьд Опалыг Монгол үзэгчдийн оюун санаанд хүргэх, ойлгуулж, мэдрүүлэхийн тулд ямар арга барилаар ажиллав. Хөрсөнд буулгана гэж манайхан их ярьдаг даа?
-Тэгэлгүй яах вэ. Энэ зохиолыг олон орон тавьсан байдаг. Олон найруулагч, олон театр өөрсдийнхөө хандлага, шийдэл, харах өнцгөөр тавьсан байдаг. Бид ч ялгаагүй. Найруулгын шийдэл түлхүү сарказм буюу далд егөөдөлд төвлөрсөн.
Энэ удаагийн Опал гэх курс хичээлд их зүйлд суралцлаа. Ер нь байнга л суралцаж байна. Энэ удаа сарказм гэж юу вэ, түүнийг жүжигчин үзэгчид хэрхэн хүргэх ёстой вэ, далд егөө юундаа байх вэ, ямар техникээр хүнд “өгөх” вэ, найруулгаар, хөгжмөөр сарказмыг илэрхийлж болох вэ гэх мэтчилэн суралцах зүйл их байв. Маш том үр дүнд хүрлээ. Үзэгчид хүрч буй мэдрэмжээс харахад л илт байна.
Нэг ёсондоо сарказм гэх мэдрэмжийг мелодрамтай хольчихож байгаа юм л даа. Энэ жүжгийн драматургийн технологи нь сонирхолтой. Эмгэнэлтэй хэсэг явж байхад хажууд нь инээдмийн хэсэг явна. Өөрөөр хэлбэл, хүн уйлж байхдаа инээх боломжийг харуулсан. Хэрэв нарийн хийж чадвал хүнд өгч чадна гээд кодолчихсон. Энэ нь найруулагч, жүжигчний хувьд их сонирхолтой л доо.
-Жүжгээр дамжуулан хүргэх агуулгын тань гүүр нь жүжигчид. Энэ утгаараа таныг жүжигчидтэй их ярилцдаг, деталь хэсгүүдэд ч анхаарлаа хандуулдаг гэж дүгнэх юм билээ?
-Өмнөх хоёр жүжиг бол найруулгын том шийдлүүдтэй уялдсан. Энэ жүжиг бол жүжигчин дээр тулгуурлаж байгаа. Жүжигчний уран чадвар, мэдрэмж, хурд, техник, уран чадвар зэрэгт тулгуурлаж, түүгээр дамжиж найруулгын шийдэл илэрхийлэгдэхүйц хэмжээнд ажилласан жүжиг учраас маш их ажиллагаа орсон. Өмнөх хоёр жүжгээс илүү "зовсон". Жүжигчид маань энэ бага хугацаанд ажилласан. Тэд яг л өөр өөрийн дүрээ олсон. Өөртөө байгаа бэлэн өгөгдлөөрөө бус дотор байгаа дуу хоолойгоороо нээж, тодотгож, шинэ дүр үүсгэх боломжтой хэмжээндээ хүртэл ажиллаж чадсан. Үүнд л алга ташмаар байна.
-Ойлголцох чухал биз?
-Ойлголцохын үндэс нь ярих. Ярихын үндэс нь сонсох. Тэгэхээр гол үндэс бол ойлголцох. Ойлголцож чадна гэдэг хэцүү. Түүнд хамгийн их цаг зарцуулдаг. Зүгээр л ойлголцохын нэр биш шүү дээ.
Миний дотор байгаа чанадын төсөөллийг жүжигчин маань мөн адил төсөөлөхийг ТӨГС ОЙЛГОЛЦОЛ гээд байгаа юм.
Дотроо байгаа төсөөллийг жүжигчинд төсөөлүүлэхийн тулд хэр хэмжээний ярилцлага, хамтын судалгаа орох вэ гэдгийг бод л доо. Түүнийг ойлголцсоны дараа бие, хэл, сэтгэлээрээ бүрэн илэрхийлэхийн тулд тэр хэмжээний ажиллагаа орно. Биежээд гараад ирсэн дүр бусад дүртэйгээ харилцахын тулд орох ажиллагаа. Энэ бүгд нөр их хөдөлмөр л дөө. Бид үүний ард гарч чадсан. Маш бага хугацаанд.
-Жүжиг бүр урж тасдаад, гайхшруулж, алмайруулж, айлгаж зовоох албагүй, яагаад хөнгөхөн амралт авч болохгүй гэж-
-Та үзэгчдээ жүжгийн туршид ямар мэдрэмжид уяхыг хүсэж байна?
-Би үзэгчдийгээ стрессээ тайлаад, хөнгөхөн амраад бага зэрэг оюуны, сэтгэлгээний таашаалын хөнгөн мансуурал аваасай л гэж бодож байна. Үүнийг авч чадах цөм нь театр байлаа гэхэд сэтгэлгээний гоо сайхны таашаалыг аваад хөнгөхөн мансуураад амарч гараад, тэр "Хүн" театраас уулын замаар уруудаад явж байхдаа ертөнцөөс бага зэрэг тасраасай л гэж бодож байна.
Гэм зэм, Фауст шиг урж, тасдаад, алмайраад, шокроод байхгүй. Жүжиг бүр урж тасдаад, шокруулаад алмайруулаад айлгаад ичээгээд зовоох албагүй. Хүн яагаад жүжиг үзээд хөнгөхөн амарч болохгүй гэж. Хөгжим хүртэл өөр өөрийн өнгө аястай байдаг шүү дээ.
Опалыг үзээд сэтгэл нь бага зэрэг хөнгөрөөд, түүнийг сэтгэл заслын эмчилгээ болгоод гарч болохгүй гэж. Би ийм л зорилго тавьсан. Цаг үетэйгээ холбож тавьсан учраас. Би зорилгодоо хүрсэн гэж бодож байна.
-Та "Зорилгодоо хүрч чадсан" гэлээ. Үзэгчид жүжгээс таны "үнэт эдлэлд нуусан" агуулгыг харж чадсан гэдгийг яаж дүгнэж байгаа хэрэг вэ?
-Би үзэгчдийн сэтгэгдлээс илүү жүжиг дуусаад гараад явахад нь нүдийг нь хардаг. Жүжиг дуусаад босож байгаа үзэгчийн харцыг харах дуртай. Миний өгөхийг хүссэн мэдрэмжийг авсан эсэхийг сонсох дуртай. Авсан бол шууд л мэдрэгддэг. Түүнийг харахад 100 хувь сэтгэл хангалуун байгаа. Сэтгэгдлүүдийн цаана мэдрэмж байгаа шүү дээ.
Опал үзэгчдэд зүгээр л амралт байгаасай. Амралт авна гэдэг нь жүжгийн турш унтуулаад гаргана гэсэн үг шүү дээ. Инээх, уйлах үйл явдлуудад хөтлөгдөх, эцэст нь далд ухамсарт байгаа сэтгэлзүйн зөрчил, стрессийг тайлж, тэгснээр хөнгөхөн амралт авч хариад нэг сайхан амраад чөлөөлөгдөөсэй.
-Сэтгэцийн эмч М.Батболд байгаагүй бол найруулагч М.Батболд байхгүй байх байсан-
-Та сэтгэцийн эмчээрээ хэдэн жил ажилласан бэ?
-Хоёр жил л ажилласан.
-Найруулагч хүний хувьд эрэл хайгуул маш чухал. Найруулагч М.Батболдод сэтгэцийн эмч М.Батболд хэр их тусалдаг вэ?
-Сэтгэцийн эмч М.Батболд байгаагүй бол одоогийн найруулагч М.Батболд байхгүй байх байсан гэж боддог. Сэтгэцийн эмч М.Батболд надад их тусалдаг шүү, үргэлж. Энэ салбарт нарийн деталь хэсгүүдийг ч үлдээлгүй анхаарч, ажиллах шаардлага нэн тэргүүнд. Зузаан романыг огтоос ойлгож, задалж, дүрийн жижиг хүлээн авалтаар романыг бүхэлд нь тайлбарлахад тус болдог нь тэр.
-Театрыг илүү олон хүн зорьж ирэх нь найруулагч нарын хувьд ЯЛАЛТ-
-Театрыг зорих, уран бүтээлийг нь шимтэн хүлээх үзэгчид нэмэгдэж байгаа юм шиг санагддаг?
-Тийм шүү. Театрыг илүү олон хүн зорьж ирэх нь найруулагч нарын хувьд ялалт нь байдаг.
-Та суралцаж л явна гэдэг. Жүжиг бүр "багш" байдаг уу?
-Шинэ зохиол авах бүрд шинэ багш ороод ирж байгаа юм шиг л санагддаг. Бод л доо. Оюутан болохоор шинэ семестр эхлэхэд шинэ багш ороод ирж байгаа юм шиг л мэдрэмж. Одоо ч суралцаж л байна гэж боддог доо.
-Ярилцсанд баярлалаа.