Монгол Улсын Засгийн газраас цементийн үнийг бууруулж, хомстол үүсгэхээс сэргийлэх зорилгоор өнгөрөгч есдүгээр сараас импортын цементийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Тэгвэл сүүлийн үед импортын цементийн чанар муу, үнэ дотоодын үйлдвэрүүдийнхээс өндөр байгаа талаарх мэдээллээр БХБ-ын дэд сайд Э.Золбоотой ярилцлаа.
-Цементийн төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татвар 20 хувь байсныг Засгийн газраас тэглэсэн ч зах зээлийн ханш буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ. Ченжүүдийн хэлж байгаагаар тээврийн зардал өсөж нийлүүлэлт хангалтгүй байгаагаар үнийн өсөлтийг тайлбарлаж байна?
-Зам болон барилгын салбарын хамгийн өндөр ачаалалтай үе бол жил бүрийн 2, 3 дугаар улирал байдаг. Энэ жилийн хувьд дотоодын цементийн үндсэн дөрвөн үйлдвэрээс нэг үйлдвэр түр хугацаанд зогсож, мөн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр технологийн шинэчлэл хийж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх хэсэгчилсэн ажлын хүрээнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл тасалдсан байгаа. Барилгын эд бүтээн байгуулалтын үе болох өнгөрсөн 7, 8 дугаар саруудад дотоодын цементийн нийлүүлэлт тодорхой хэмжээгээр тасалдахад хүрсэн. Улмаар Засгийн газраас хомстолыг бий болгохоос урьдчилан сэргийлж, үнийг тогтвортой барих зорилгоор гаднаас тодорхой хэмжээний цементийг түр хугацаанд импортлох бодлогыг баримталж, гаалийн албан татварыг нь он дуустал тэглэсэн. Засгийн газрын шийдвэр гарснаас хойших өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 30 орчим мянган тонн цемент импортолсон байна. Харин цементийн үнэ харилцан адилгүй буюу дотоодын үйлдвэрүүдийн борлуулалтын үнэ тонн тутамдаа 350-380 мянган төгрөг байгаа бол импортын цемент 460-480 мянган төгрөгийн үнэтэй байна.
-Импортоор авч байгаа цементийн үнэ дотоодынхоос өндөр хэр нь чанар муутай байна гэж иргэд, ААН-үүд шүүмжилж байна. Зарим хэвлэлээр Монгол Улс цементийн чанарыг бүрэн шинжлэх лабораторигүй гэсэн мэдээлэл ч гарах боллоо. Та үүнд тодорхой тайлбар өгнө үү?
-Сүүлийн үед гарах болсон чанаргүй цементийн талаарх мэдээлэл нь худал болохыг хэлэх нь зүйтэй. Зарим хүмүүсийн ирүүлсэн гомдлын дагуу манай БХБ-ын яамнаас ажлын хэсэг гарч, импортоор орж ирсэн цементийн дээжийг лабораторид өгч шинжлүүлсэн байгаа. Шинжилгээний дүгнэлтээр 42.5 ангийн стандарт хангасан буюу портланд цемент гэж тодорхойлогдсон. Тиймээс цементийн чанарт эргэлзэх хэрэггүй гэж хэлмээр байна. Үүнээс гадна лабораториудын хүртээмж хангалтгүй гэсэн шүүмжлэл бас явж байсан. Манайх орон нутгийн ихэнх аймагт лабораторитой бөгөөд одоогоор эвдэрч, зогссон асуудал гараагүй байна. Мөн 21 аймгийн дийлэнхэд нь лабораториуд байгаа. Улаанбаатар хотод хэд хэдэн лабораториуд байна. Одоо бол 44-ийн зах дээр БНХАУ-ын Эрээн хотоос импортолсон цемент бууж байгаа.
Ирэх онд баруун таван аймгийг цементээр хангах нэг үйлдвэр ашиглалтад орно
-Хил дээрх гаалийн хяналт сул байгаагаас цементийн чанарыг нарийвчан шалгах боломжгүй байдаг гэж сонссон. Цементээ оруулж ирэхдээ Эрээний талын үйлдвэрлэгч компанийн тохирлын гэрчилгээг шалгаж нэвтрүүлж байгаа нь хяналтыг сулруулж байгаа гэсэн үг үү?
-Бид БНХАУ-аас цемент импортлох түр гэрээг хийхдээ тухайн компанийн тохирлын гэрчилгээг харж шалган нэвтрүүлнэ гэж тохиролцсон байдаг. Гэхдээ энэ нь цементийн чанарыг бүрэн шинжлэх боломжгүй гэсэн үг биш. Тохирлын гэрчилгээ бол тухайн үйлдвэрийн цементийн чанарыг тодорхойлсон бичиг гэсэн үг.
-Ирэх онд цементийн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангаж чадах уу. Үнэ одоогийнхоос ойролцоогоор хэдэн хувиар буурах боломжтой гэж харж байгаа вэ?
-Монгол Улсын цементийн жилийн хэрэгцээ 1.8 сая тонн байдаг. Ирэх онд үндсэн 4 үйлдвэр дээр шинээр нэг жижиг үйлдвэр нэмэгдэж ажиллана. Ингэснээр дотооддоо цементийн хэрэглээгээ бүрэн хангаж чадна гэсэн үг. Харин одоо байгаа зах зээлийн ханшийг ирэх онд аль болох бууруулах төлөвлөгөөг яамнаас бодлогын түвшинд судалж байна.
Б.Мягмарсүрэн