ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа Ковид-19 халдварын нөхцөл байдал гадны улсуудад ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрээр:
"БНСУ-д өчигдөр шинээр 34 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Шинэ тохиолдлууд Сөүл хотын Итевон дүүргийн шөнийн клубээс үүсэлтэй, шинэ кластер халдвар байсан билээ. Үүнтэй холбогдуулан Сөүл хотын нийт 2100 гаруй шөнийн клуб, дисконы газруудыг хаах шийдвэр гаргажээ. Мөн тус улсын зүгээс энэ үйл явдлын дараа халдварын хоёр дахь давалгаа гарч болзошгүй гэж сэрэмжилж байна.
Сингапур улсад өчигдөр 753 халдварын тохиолдол бүртгэгдсэний 9 нь тус улсын байнгын оршин суугч, үлдсэн нь гадаадын цагаач ажилчид байжээ. Ингээд Сингапурт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 22000 гаруй болсон байна.
Япон улсад өчигдөр 114 шинэ тохиолдол бүртгэгдсэний 36 нь нийслэл Токио хотод бүртгэгджээ. Ингээд нийт тохиолдлын тоо 15700 гаруй бүртгэгдсэнээс эдгэрсэн хүний тоо 8700 гаруй байна.
Иран улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1529 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн ба тэдгээрийн дийлэнх нь тус улсын Хузестан муж улсад бүртгэгдсэн ба тус мужид халдварын тархалт өндөр хэвээрээ байна. Иран улсад нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 106000 гаруй болж, нас баралт 6500 гаруйд хүрсэн байна.
ОХУ-д өчигдөр 10800 гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 198600 гаруйд хүрсэн. Энэ хугацаанд 104 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.
ХБНГУ-д өчигдөр 1251 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тоо 168500 гаруй болсноос 143000 гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Нас баралтын хувьд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 103 нас баралт шинээр бүртгэгдсэн. Ингэснээр тус улсын нийт нас баралтын түвшин 4,4% болсон байна. Герман улсад халдварлалтын индекс лхагва гарагт 0,65 байсан бол өчигдөрийн байдлаар 1,1 болж өссөн" гэлээ.