Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах салбар манлайлан оролцож 7 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж 27 сая ширхэг мод тарихаар зарласан юм.
Уг ажлын хүрээнд 2022 онд Зэвсэгт хүчний 353, 014, 015, 336 дугаар ангиудад “Эко-ногоон хотхон” төслийг хэрэгжүүлж, 13 мянган мод бут тарьж, зүлэгжүүлэхийн зэрэгцээ усалгааны систем, зам, талбай, цахилгаан хангамж, гэрэлтүүлэг, хашаа, хайс байгуулах зэрэг шинээр хийж, засварлан тохижуулсан бөгөөд 2023 онд Зэвсэгт хүчний 5 анги, байгууллагад “Эко-ногоон хотхон” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.
Тэгвэл өчигдөр /2022.10.12/ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай болон БХЯ-ны бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 353 дугаар ангид 150 мод тарьсан бол Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчид 014 дүгээр ангид мод тарьсан юм. Мөн хоёрхон хоногийн дараа халагдах гэж буй хугацаат цэргийн алба хаагчид ангийн хашаандаа сүүлийн модоо үрслүүлэн үлдээсэн ба уг үйл явдлаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
"Налайх дүүрэг, Зэвсэгт хүчний 353 дугаар анги"
БХЯ цаашид тарьц, суулгацыг бэлтгэхдээ мөчрөөр үрсэлгээ бэлтгэхээс татгалзаж, үрээр үрсэлгээ хийхээр зорьж байгаа аж.
Намуухан салхи сэвэлзсэн Налайх дүүргийн нутаг дэвсгэр. Хилийн цэргийн 353 дугаар анги болон 014 дүгээр ангиуд хоорондо холгүйхэн оршино. "Мод тарих өдөр"-ийн хүрээнд Монгол Улсын иргэн бүр байгаль экологид өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эх орноо цөлжилтөөс хамгаалах эрхэм үйлсэд ханцуй шамлан оролцож буй.
Тэр дундаа батлан хамгаалах яам энэ ажилд тэргүүлэн оролцож, ажилтан алба хаагчиддаа агро-экологийн мэдлэг олгох сургалтыг 3 үе, шаттайгаар зохион байгуулсан байна. Энэ талаар БХ-ын сайд Г.Сайханбаяр дараах зүйлийг хэллээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 6,5 сая мод үрслүүлсэн байна
"БХЯ, харъяа анги байгууллагууд намрын мод тарилтын арга хэмжээг зохион байгуулж байна. Ирэх жилээс эхлээд дөрвөн мод үржүүлгийн газрыг шинээр бий болгох ба нийтдээ есөн мод үржүүлгийн газартай болно. Мөн үргэлжлүүлэн таван ангийг "Эко-ногоон хотхон" болгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 6,5 сая мод үрслүүлсэн байна. 2023 оноос хөрсөн дээрээ бууна. Одоо бол мод үржүүлгийн газарт арчлагдаад явж байна. Мөн хувийн газартай офицер, ахлагч нартаа мод үржүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна" гэв.
Зэвсэгт хүчний 353-р анги нь "Эко-ногоон хотхон" бөгөөд хэд хэдэн төрлийн мод болон ногоон зүлгээр хүрээлэгдсэн аж. Намар болоод ч тэр үү бүх модод навчсаа гөвж, аль хэдийнээ өвөлдөө бэлджээ. Бид тус ангийн захирагч, хурандаа Ш.Аюурзанаас эко ангийн давуу тал болон бусад зүйлсийн талаар тодрууллаа.
Ирэх жилээс эхлэн үрээр мод тарихыг зорьж байна
Тэрбээр, "Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас тус ангийг "Эко-ногоон хотхон" анги болгох төсөл хэрэгжүүлсэн.
Үүний хүрээнд ангийн байранд зургаан мянга гаруй мод тарьсан бөгөөд үүнийгээ даган модоо хашаалах хайс, гэрэлтүүлгийн систем, усалгааны систем гэсэн байдлаар энэ төсөлд хамрагдаж, 353 дугаар ангиа эко анги болгоход бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ төсөл маань 2022-2030 он хүртэл хэрэгжинэ.
Өнөөдөр БХ-ын сайд Г.Сайханбаяр болон дэд сайд Б.Баярмагнай нар ирж, нарс мод тарьлаа. Мөн мод үржүүлгийн талбайг тус анги байгуулж, ирэх жилээс эхлэн мөчрөөр бус үрээр мод таръя гэсэн зорилготойгоор ажиллаж байна" гэлээ.
Харин БХЯ-ны мэргэжилтэн дэслэгч, Ц.Хишигсүрэнгээс мод тарьсан сэтгэгдлийг нь сонсоход,
10 жилийн дараа тарьсан модод маань эх орны үзэмжид өнгө нэмнэ гэж итгэж байна
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд манай яам хэд хэдэн удаа мод тарьсан. Миний хувьд дан ганц байгууллагадаа бус өөрийн гэр болон аав ээжийнхээ гэрт мод тарьж, тэрбум мод хөдөлгөөнд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа.
Миний бодлоор тарьсан модод маань 10 жилийн дараа илүү өнгө зүсээ олоод, илүү том болоод эх орондоо өнгө нэмнэ гэж итгэж байна. Бага байхдаа мод тарих сонирхолтой байсан. Мөн ойд их дуртай болохоор мод тарьж байгаа энэ хөдөлгөөнийг их дэмжиж байгаа" гэсэн юм.
Харин үүний дараа бид Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид очин хоёрхон хоногийн дараа халагдах цэргүүдийн сэтгэгдэл хийгээд, мод тарьж буй явцтай нь танилцлаа.
"Налайх дүүрэг, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги"
Тус ангийн хашаа нам гүм. Жижигхэн цөөрөмд бяцхан галуунууд таатай нь аргагүй амарна. Харин халагдах өдрөө хоног тоолон хүлээх цэргүүдийн сэтгэл эрхгүй догдолж, ангийн хашаандаа сүүлийнхээ модыг үрслүүлж байгаадаа битүүхэн гунигтай байгаа нь нүднээс нь илт харагдана. Тиймээс бид шинэхэн биш харин хал цэргүүдийн сэтгэгдлийг сонссон юм.
Халагдах цэргүүд ангийнхаа хашаанд сүүлийн модоо тарьлаа
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн дэд түрүүч М.Бат-Оргил "Би 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдаж ирсэн байлдаг байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрт сэтгэл өндөр байгаа. Манай анги уг ажлын хүрээнд үүргээ давуулан биелүүлж, "Эко-ногоон төгөл" анги болсон.
Анх бид мод тарих талаар огт мэддэггүй байсан ба бидэнд мод тарих, ургуулах, арчлах аргуудыг зааж өгч, сургасан. Одоо бол мод тарихад мэдэхгүй, чадахгүй зүйл гарахгүй. Цаашид ч хэрэгжүүлээд явна. Өнөөдөр ангийнхаа хашаанд хамгийн сүүлийн моднуудаа үрслүүлж байна" хэмээлээ.
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн дэд түрүүч М.Отгонтулга "2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад Дархан-Уул аймгаас татагдаж ирсэн. Багаасаа аавтайгаа хамт мод тарьдаг байсан. Гэхдээ яг мод тарих үндсэр дараалал, зөв аргачлалыг нь мэддэггүй байсан.
Харин энд ирээд мод тарих бүх аргачлал, арчилгааг нь хүртэл мэддэг болсон. Цэргийн ангидаа сурсан мэдсэн мэдлэгээ ашиглаад, цаашид ч мод тарьсаар байна" гэв.
Мод тарина гэдэг тийм ч амар зүйл биш. Мөн зүгээр ч нэг газар булаад орхих асуудал бүр ч биш. Харин мод тарих дараалал, зөв арчилгаа, усалгаа гээд бүгд дэс дараатай. Тийм ч учир Батлан хамгаалах салбар алба хаагчдадаа агро-экологийн мэдлэг олгох сургалтыг 3 үе, шаттайгаар зохион байгуулсан байна. Үүний үр дүнд ойжуулагч, экологич мэргэжилтэй алба хаагчидыг бэлтгэж, анги байгууллагуудад 100 гаруй агро экологийн мэргэжлийн боловсон хүчнээр хангасан аж. Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжил олгох сургалтад түлхүү анхаарч ажиллаж байгаа юм.
Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг шиг Монгол хүн бүр нэгдэж, модоо тарьж чадвал нэг тэрбум гэсэн тоонд тун удахгүй хүрнэ гэдэгт итгэлтэй байна.