Сангийн сайдын боловсруулсан ирэх оны төсвийн төсөлд өмнөх онуудад хуваарилагдсан шилжих хөрөнгө оруулалтыг 2023 онд дуусгахаар тооцож, шинэ хөрөнгө оруулалтад төсөв хуваарилахгүй байхаар болсон.
Тэгвэл ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 6.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 2.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1061 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид хөрөнгө оруулалт хуваарилахаар төлөвлөсөн байна.
1061 бүтээн байгуулалтын 142 нь 2024 онд дуусах бол, 2025 онд дуусах 3 төсөл байна.
Төсвийн төсөлд тусгасан өмнөх онууд болон 2022 оноос шилжин хэрэгжих хөрөнгө оруулалт 2023 онд үргэлжилж улсын хэмжээнд 119 сургууль, 114 цэцэрлэг, 45 дотуур байр, 18 сургууль цэцэрлэгийн цогцолбор, 8 театрын барилга, 9 музейн барилга, 38 соёлын төв, 20 спорт цогцолбор, 36 спорт заал, 11 ахмадын хөгжлийн төвийн барилга, 79 эмнэлгийн барилга, 80 авто замын төсөл, 8 авто замын байгууламж, 17 гүүр, 56 инженерийн шугам сүлжээ, 24 цахилгаан хангамжийн төсөл, 11 дулааны шугам сүлжээ, 4 дулааны станц гэх мэт нийтдээ 1061 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.
"Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт төсөл, арга хэмжээний 915 нь барилга байгууламжийн төсөл байгаа бол 66 нь их засвар, 63 нь тоног төхөөрөмж, 17 нь ТЭЗҮ боловсруулах төсөл байна"
"Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт барилга, байгууламжын 779 буюу 51,9 хувь нь орон нутагт хэрэгжих бол 256 буюу 30.1 хувь нь нийслэл Улаанбаатарт хэрэгжинэ. Түүнчлэн 18.0 хувь нь улсын хэмжээнд хэрэгжих төслүүд байна."
Харин эдгээр 1061 гаруй төсөл, барилга байгууламжийн,
- 34.3 хувь нь нийгмийн хөгжлийг дэмжих буюу боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт хэрэгжих бол
- 49.3 хувь нь эдийн засгийн хөгжлийг дэмжих авто зам, эрчим хүч, инженерийн шугам сүлжээний салбарт,
- 14.1 хувь нь төрийн захиргааны салбар,
- 2.3 хувь нь аюулгүй байдал, гадаад харилцааны салбарт тус тус хэрэгжих аж.