Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг танилцуулсан. Түүний хэлсэн ОНЦЛОХ ЭШЛЭЛИЙГ хүргэж байна.
- Зорилтот бүлгийн иргэдийн 90 гаруй хувийг вакцины бүрэн тунд цаг алдалгүй хамруулсан дэлхийн эхний улс орнуудын нэг болж чадсан.
- 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.
- Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам долларын босгыг давна гэж тооцоолж байна.
- 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ.
- Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно.
- Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье.
- Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажил амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна.
- Эрдэнэс Монгол компанийн бүтэц үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхижиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхитэй татах боломжууд нэмэгдэнэ.
- Хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ.
- Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бодит ажил болгоход Засгийн газар 2023 оны төсвийн жил онцгой анхаарал хандуулна.
- Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна.
- Сүүлийн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг тэгшитгэн хуваарилсан боловч бодит үр дүн гарсангүй.
- 2023 оны төсөв бол олон жил яригдсан Төсвийн реформын чухал эхлэл цэг юм.
- Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна.
- Орон нутагт ашигт малтмалын орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, уул уурхай эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс орон нутагт олгодог хандив тусламжийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэдийн оролцоог хангах эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн 3 жил 90 хувиар, дараагийн 3 жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ.
- Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
- 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна.
- Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр энэ жилийн төсөвт оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөг хэмнэгдэнэ
- 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд 1 их наяд төгрөгөөр хэмнэгдэх тооцоолол гарч байна.
- 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьж байна.
- Улсынхаа нэрээр бонд босгож, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайтар тооцоолоогүй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, улс орноо дампуурлын ирмэгт аваачсан гашуун түүх дахин давтагдах ёсгүй