Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг болох боомтын сэргэлтийн бодлого ойрын үед хэрэгжүүлэх чухал арга хэмжээнүүдийн нэг байгаа. Боомтын сэргэлтийн ажлыг богино болон дунд, урт хугацаанд гэж салгаж харах хэрэгтэй. Богино хугацаанд боомтын үйл ажиллагааг Ковидын өмнөх үе буюу 2019 оны хэмжээнд хүргэх зорилт тавиад байна. Экспортын хамгийн том боомт болох Гашуунсухайт боомтод жил гаруйн хугацаанд нэлээд арга хэмжээ авсан. Түүний үр дүнд сүүлийн 6 сарын хугацаанд 2019 онд гаргаж байсан нүүрс экспортын хэмжээнд хүргэж чадсан. Зарим өдрүүдэд илүү гарч байгаа. Үүгээр эхний хагас жилийн алдагдлыг сүүлийн хагас жилдээ нөхнө гэж үзэж байна.
Гашуунсухайт хүртэлх төмөр зам ашиглалтад орсон. Мөн Замын-Үүд боомтоор өдөрт экспортын 12 цуваа гарч байна. Удахгүй 16 болгож нэмэгдүүлнэ. Удахгүй Ханги боомт хүртэлх төмөр зам ашиглалтад орно. Шивээхүрэнгийн боомтоор нэвтрэх экспортын бүтээгдэхүүн өмнөх жилүүдээс өсч байна. Тэнд чингэлэг тээврийн терминал удахгүй ашиглалтад орох гэж байна. Ингэснээр бараа бүтээгдэхүүн нэвтрэн өнгөрөх боломж нэмэгдэнэ. Боомтын асуудалд гадаад харилцаа их чухал байдаг. Хамгийн сүүлд Ерөнхий сайдын Бээжинд хийсэн ажлын айлчлалын үеэр маш олон жил зогсонги байдалтай байсан хил нэвтрэх цэгүүдийн асуудлыг хоёр тал эцэслэн тохирсон. Цаашдаа бүтээн байгуулалтын ажлууд ямар нэг саадгүйгээр явагдах шатандаа орсон. Тийм учраас 2023 оны төсвийн төслийг боловсруулахдаа гадагш гаргах экспортынхоо биет хэмжээг Ковидын өмнөх үеийн түвшинд хүргэхээр төлөвлөсөн" гэлээ.