УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол оронд системийн шинэ өөрчлөлт хэрэгтэй байна. 3 жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр цугласан 50 мянган иргэн одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар У.Хүрэлсүх, Х.Баттулга нараас юу хүсч шаардаж байсныг бид мартах ёсгүй. Өнөөдөр бидэнтэй тэмцэж байсан нөхдүүд бүгд дулаахан Төрийн ордонд тухлан суусан байна. Харин Ж.Батзандан "Шинэ хувьсгал" хөдөлгөөнийхөө байранд 50 мянган хүний, Монголчуудынхаа өмнөөс 2019 оны "МАНАН"-ын эсрэг дэглэмийг сануулахаар хэвлэлийн хурал хийж байна.
МАНАН устсан уу, МАНАН арилсан уу гэж У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нараас асуумаар байна. "Намайг л алчихгүй бол би заавал шударга ёсыг тогтооно" гэж У.Хүрэлсүх хэлж байсан цаг саяхан. Хамт тэмцэж явсан нөхдүүд маань хэлж, ярьж байсан зүйлээ мартаж, харин хамт тэмцэж явсан нөхрөө шорон гяндангаар айлгадаг болж.
Бид хэн нэгэнтэй муудалцахыг хүсэхгүй байна. Том дарга, том булчинтай хүмүүсээс айж байна. Гэхдээ том дарга нарт Монголын ард түмэн өдөр болгон юу хүсч байгааг сануулахын тулд "Шинэ хувьсгал" хөдөлгөөнийг байгуулж байна" гэлээ.
Мөн "Би өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан мэдэгдэл хийсэн чинь шөнийн 12.00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, дэд сайд, дотны анд, үй зайгүй найз, миний ах АТГ-т баривчлагдаж байна гэж сонссон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ж.Бат-Эрдэнэ хоёр их дотно. Маш сайн найзууд гэдгийг би мэднэ. Тэгэхээр Ерөнхийлөгчид хандаж хэлэхэд, "Дүүтэй нь муудчихаад ахыг нь хорьдогоо боль. Би таныг ядарч явахад олон удаа тусалсан хүн шүү" гэв.