Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Банкууд зээл гаргахгүй байна. Орон сууцны үнэ 19 хувиар өссөн. Инфляциас өндөр байна. Хөдөө орон нутагт шилжиж суурьшсан хүмүүст 3 хувийн зээл олгоно гээд яриад байна. Хэдэн төгрөг гарах вэ, хэзээнээс хэрэгжих вэ" гэв.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн үнэ 17 хувиар, энэ онд 19 хувиар өсөөд явж байна. Үнэ өсөхөд өртөг зардлын нөлөө маш их байна. Ялангуяа барилгын материалын үнэ өсч ирсэн учир орон сууцны үнэ өсөөд байна. 2023 оноос Ипотекийн зээлийг зогсооно. Одоо ковидын хуулийн дагуу олгоод явж байгаа. Олгож байгаа эх үүсвэр маань эргэн төлөлтөөсөө санхүүжигдээд явж байгаа.
2023 оноос Төв банк хуулийн дагуу олгож болохгүй. Тэгэхээр Засгийн газрын нэг агентлаг, ААН-ээр дамжаад энэ хөтөлбөр цаашид хэрэгжээд явах бүрэн боломжтой гэж Төв банк харж байна" гэлээ.