Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Монголчууд бүгд төгрөгийн ханш, Монголбанкны валютын нөөцөд анхаарч байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар хоёр удаагийн хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэж, өнөөдөр тогтоол гаргалаа.
Монгол Улсын статистикийн тоон мэдээллээс харахад экспортын тоо хэмжээ өндөр байгаад байдаг. Гэтэг яг үүнтэй адил хэмжээний валют орж ирж байна уу үгүй юу гэвэл бага байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байна.Үүнд,
Оптекээр буюу санхүүгээ урьдчилж аваад дараа нь нүүрсээ гаргах гэрээний дагуу явж байгаа бол нөгөө хэсэг нь урьдны жилүүдэд зарагдсан нүүрс гарч байна. Мөн жишиг үнэ, гэрээний үнэтэй холбоотойгоор үүссэн зөрүү байж байна.
Тиймээс эдгээртэй холбоотойгоор экспортод гарч байгаа нүүрсний тоо хэмжээ, нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээ авахаар тогтоол гарсан.
Нэгдүгээрт, Ямар үнээр монголын нүүрс зарагдаж байх ёстой вэ. Тэгэхээр манай уурхайнууд ам үнээр нүүрсээ зарвал банкинд тонн тутамд 71 доллар орж ирж байгаа, харин хил үнээр зарвал тонн нутамд 129 доллар орж ирэх ёстой. Тиймээс валютын тоог нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хил үнээр зарах ёстой гэсэн зохицуулалт хийж байна.
Хоёрдугаарт, Экспортын бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүх зүйл хилээр гарах учиртай. Жишээлбэл, гэрээн дээр тусгагдсан нөхцлийн дагуу тухайн нүүрс экспортлогдоно.
Гуравдугаарт, Бүх нүүрсийг биржээр зар гэдэг тогтолцоонд хүрч байна. Энэ нь нүүрсний үнэ нэмэгдэх боломжийг нээж өгнө. 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн бүх нүүрс биржээр дамжуулагдан гарна.
Дөрөвдүгээрт, Валютын урсгалыг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өглөө.
Үүнээс гадна, зах зээл дээр газрын баялаг, түүхий эдийн үнэ тогтвортой байгаа тохиолдолд төрийн өмчит ААН-үүдээ Монголд орж ирэх долларын урсгалыг нэмэгдүүлэхийг үүрэг болгон өгч байгаа. Тиймээс Монголоос гарч байгаа бүх экспортын бүтээгдэхүүнийг ил тод, гэрээний дагуу цахимжуулж, бүх орлогыг Монгол руу орж ирдэг байх боломжийг хангаж өгч байна" гэлээ.