Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Мартагдашгүй намар“-ын нэг өдөр

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
12 минут 13 секунд

Намар болжээ. Аяны шувууд нутаг буцаж, аавын хүүхдүүд тариалангийн талбайд чуулжээ. Бидний аав ээж, өвөө эмээ оюутан цагаа дурсах бүрдээ ургацын талбайг ярьдаг байсан бол өнөөгийн залуус ч ирээдүйд үр хүүхэд, ач зээ нартаа ургац хураалтын их ажлын талаар дурсан ярих биз. Ингэж хэлж байгаагийн учир гэвэл оюутан залуусыг намрын ургац хураалтад оролцуулдаг байсан явдал дахин сэргэсэн нь оюутан насны бас нэгэн дурсамж мөн биз.

UBN.mn сайтын сурвалжлах баг өмнө нь Төв аймгийн Жаргалант сумаас улаанбуудайн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байсан бол өнөөдөр төмс хураалтын талбайд цугласан ДХИС-ийн 100 оюутны нэг өдрийн амьдралыг хальсанд буулган, дурсамж дээр нь дурсамж нэмэн дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Хязгаар нь үл харагдах тариалангийн талбайд хөлсөө дуслуулан ажиллах оюутан залуусыг харахад сэтгэл хөдлөх шиг бас битүүхэн атаархах шиг.

Нар хэдийнээ манджээ. Цэргийн сургуулийн оюутнууд тул цэрэгжилтийн зохион байгуулалттайгаар өглөөг угтана. Жирийтэл жагсаад, цомцойн зогсох 100 залууг харахад ургацын их ажилд ядарсан ч шинжгүй харагдах нь тус сургуулийн хийгээд тэдгээр залуусын тэсвэр тэвчээр ямар байгааг харуулж байлаа.

ДХИС-ийн 100 сонсогч энэ жил "Болдтулга" ХХК-ийн төмс хураалтад тусалж буй аж. Нийт 120 га талбайг хамарсан талбайг өдөр өдрөөр хуваан авч талдаа орсон байв. Биднийг очсон өдөр тус компаниас залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд буухиа тэмцээн зохион байгуулж байв. Гэхдээ өмнөх өдөр нь хоёр төрөлт тэмцээн болж өнгөрсөн бол энэ өдөр бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн болж, нийт баг тамирчдаа шагналт байранд шалгаруулав.

Бид ургац хураалтад оролцож байгаа ДХИС-ийн оюутан Э.Бямбадоржоос сэтгэгдлийг нь сонсоход ургац хураалтад оролцох нь их дурсамж бүтээдэг гэдгийг хэллээ.

Ургац хураалтад оролцох нь хичээлдээ явснаас илүү их дурсамжийг бүтээдэг

"Миний хувьд 2016 оноос хойш ургац хураалтад явж байгаа. Ихэвчлэн төмс хураалтад. Энэ жил илүү өвөрмөц байна. Учир нь эхнэр хүүхэдтэй болоод анх удаагаа ургац хураалтад оролцож байгаа учир тэднийгээ санаж байна. Энд бид гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярих, холбоо барих бүрэн боломжтой учраас байнга холбоотой байгаа. Түүнээс гадна даргадаа болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ хэлж, ярьдаг учраас тийм ч хэцүү байдаггүй.

Ургац хураалтад гар бие оролцоно гэдэг бол маш их дурсамж л даа. Хичээл сургуульдаа явахаас ч илүүтэй дурсамжийг бүтээж чаддаг.

Хүмүүсийн зан чанар танигдана, бие биенээ тусалж дэмжинэ, хамт олон гэдэг үг ямар үгнээс бүтсэн бэ, хамт олон гэдэг үг ямар утгатай вэ гэдгийг энд ирээд илүү их ойлгоно. Тиймээс оюутан залуусыг ургац хураалтад оролцож, найз нөхөд, хамт олонтойгоо нэгэн дурсамжийг бүтээж, бидний мэдэрч байгаа зүйлийг нэг удаа ч гэсэн мэдрээд үзээрэй гэж уриалмаар байна" гэв.

Бага балчир наснаасаа эхлэн газар тариалангийн салбартай салшгүй холбоотой байсан хүн бол "Болдтулга" ХХК-ийн захирал Э.Болдбаатар юм. Тэрбээр ДХИС-тай гурван жилийн хугацаанд гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус сургуулийн оюутнуудын идэвх зүтгэл, удирдан ирж байгаа багш нарын ур чадвар сайн байдагт сайшаалтай ханддагаа илэрхийллээ.

ВИДЕО ҮЗЭХ:

ДХИС-ийн 100 сонсогч ургац хураалтын ажилд тусалж байна

"Манай компани энэ жил 120 га талбайд тарилалт хийсэн. Бидний ажилд туслалцаа үзүүлэхээр ДХИС-ийн 100 сонсогч ирсэн байна. Ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Энэ жилийн цаг агаар сайхан байлаа мөн ургац ч арвин байлаа.

ДХИС-тай хамтраад гурван жил болж байна. Тус сургуулиас ирж ажиллаж буй багш нар болон оюутнууд их ажилсаг, хичээнгүй байдаг. Мөн жил ирэх тусам оюутан залуусын хандлага, ажиллах эрч хүч сайжирч байгаад баяртай явдаг" гэлээ.

Оюутан залуусын жил бүр намрын ургац хураалтад оролцуулах ажлыг зохион байгуулдаг "Хутагт Мөрөн" ХХК-ийн захирал Т.Энхмөрөн оюутан залуусын идэвх нэмэгдэж байгаа талаар хэлэв.

Оюутан залуус ургац хураалтын ажилд оролцох идэвх нэмэгдэж байна

"Сүүлийн есөн жилийн хугацаанд залуусын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ургац хураалтад оюутан залуусыг гар бие оролцуулах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил ковидын үед Монгол Улсын Засгийн газрын ивээл доор зохион байгуулагдсан "Yes Алтан намар" аяныг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаадаа баяртай байна.

Тариалангийн бүс нутгууд, тэр дундаа Төв аймгийн Жаргалант сум маань арвин ургацын нутаг байгаа. Мөн сүүлийн жилүүдэд залуус ургац хураалтын ажилд идэвхтэй оролцож, найз нөхөдтэйгөө хамт сэтгэл өөдрөг, эрч хүчтэйгээр тариаланчдад тус нэмэр болж байна" гэсэн юм.

Дотоод хэргийн их сургуулийн 100 сонсогчдын зөвхөн дөрөв нь эмэгтэй оюутан аж. Тиймээс гал тогоонд хуваарилагдан 100 хүнд өдрийн гурван хоол хийж өгдөг талаар ярьж байсан юм.

Түүнээс гадна уг ургацын талбайд нэгдүгээр курсээсээ эхлэн үерхэн дассан хоёр хос анх удаа хамт ургац хураалтад явж байгаа тухайгаа учирлан ярив.

Найз охинтойгоо хамт ургац хураалтад оролцож байгаа нь илүү их дурсамжийг бүтээж байна

ДХИС-ийн оюутан Э.Эрдэнэсүх "Энэ жил ДХИС-ийн Хилийн албаны сургууль, Цагдаагийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутнуудтайгаа болон найз охинтойгоо хамт "Болдтулга" ХХК-ийн хамт олонд туслахаар ирсэн. Найз охинтойгоо хамт байгаадаа маш их баяртай байгаа. Би өөрөө жагсаалын дарга учир сонсогч нарыгаа удирдан чиглүүлж ажилладаг. Тийм ч учраас хажууд маань түшиг тулгуур болж байгаад нь маш их баярладаг. Хамтдаа ургац хураалтад оролцож илүү их дурсамжийг хамтдаа бүтээж байгаа нь хэзээ ч мартагдахгүй" хэмээв.

Анх зуу гаруй хүний хоол хийхэд хэцүү санагддаг байсан

ДХИС-ийн оюутан О.Үүрийнцолмон "Бусад сонсогч нарыгаа бодвол илүү түшигтэй байгаа. Хамт байгаа учраас бие биенийгээ халамжлаад, хүйтэн үед ч дулаан хувцас бариад зогсож байдаг ч гэдэг юм уу үнэхээр их түшигтэй.

Өмнө нь 100 гаруй хүний хоол огт хийж байгаагүй. Курсдээ дөрөвхөн охин байдаг болохоор хөвгүүдтэйгээ ургац хураалтад явах нь тэр дундаа гал тогоонд хуваарилагдах нь тодорхой байсан. Анх бол хэүү байсан 100 гаруй хүний өдрийн гурван хоол хийнэ гэдэг маш хүнд санагдаж байсан. Гэхдээ сүүлдээ дасаад, ногоогоо арилгаад л сууж байна" гэлээ.

"Оюутны намар" хэмээн ярьдаг нь энгийн ч нэг үг биш бололтой. Олон залуус хамтдаа тариаланчдын нөр их хөдөлмөрч гараа гарган туслахаас гадна дуутай хууртай, инээд наргиантай байж, цагийн зугаатай өнгөөдөг нь дээрх үгийн утгыг гаргаж ирдэг байх.

Бидний ургац хураалтын талбайд очсон энэ өдөр Хил хамгаалах байгууллагын ойн баяр тохиож байсан бөгөөд оюутан залуусыг ахалж ирсэн П.Насанжаргал ахмад цол нэмсэн баяр үйл явдал давхар болсон юм. Тухайлбал, ахмад П.Насанжаргал, хошууч цол хүртсэн юм.

Бид оюутан залуусыг удирдан ирсэн ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн Цэргийн алба, зохион байгуулалт хариуцсан багш, ахлах офицер, Хошууч П.Насанжаргалаас сэтгэгдлийг нь сонсоход дараах зүйлийг ярьлаа.

Оюутан залуусыг намрын ургац хураалтын ажилд гар бие оролцуулдаг болсон нь сайшаалтай санагдаж байгаа

""Болдтулга" ХХК-тай хийсэн гэрээний дагуу ДХИС-ийн Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургуулийн зуун оюутантайгаа төмс хураалтад оролцож байна.

Бидний эцэг эхийн үед оюутнууд бүгд намрын ургац хураалтын ажилд, бүтээн байгуулалтад гар бие оролцдог байсан. Харин сүүлийн жилүүдэд оюутнан залуусыг ургац хураалтад оролцуулж байгааг тун их сайшааж байгаа. Манай сургуулийн сонсогч, оюутнууд тэсвэр тэвчээр, бие бялдарын хөгжил сайтай байдаг. Учир нь цэргийн сургуулийн оюутнууд, сонгон шалгаруулалтаар шалгаран орж ирсэн байдаг. Тиймээс оюутнуудтайгаа хамтран ажиллахад урамтай, зоригтой сайхан байдаг" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Оюутнууд бүтэн өдрийн турш тэмцээндээ оролцож мөн ургацын талбайдаа очин өнөөдрийнхөө нормыг биелүүлэв.

Нар дээш хөөрч аль хэдийн бүрий тасрав. Орой болоод ч тэр үү жавар унаж хүйтэн боллоо. Гэхдээ залуус галын наадмын үйл ажиллагаа зохион байгуулахыг өдөржин хүлээж, догдолсон тул хүйтнийг ч эс анзааран галын наадмаа эхлүүллээ.

Галын наадам эд үргэлжилж, оюутан залуус дуулахдаа дуулж, бүжиглэхдээ бүжиглэн олон өдрийн стресс ядаргаагаа тайлцгаав. Яах аргагүй оюутны намар тэр дундаа мартагдашгүй намар байсныг илэрхийлэн тус сургуулийн оюутан Н.Хүлэг-Эрдэнэ сэтгэгдлээ хэллээ.

Ургац хураалтад оролцох сайхан байдаг

Н.Хүлэг-Эрдэнэ "Намрын ургац хураалтад өнгөрсөн жил оролцож байсан. Өнгөрсөн жил ч дурсамжтай сайхан байсан. Энэ жил ч мөн сайхан байна. Өнөөдөр Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ой тохиож байна. Тиймээс "Болдтулга" компаниас бидэнд зориулж галын наадам хийж өгч байна. Маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Түүнээс гадна өчигдөр, өнөөдөр хоёр оюутнуудынхаа дунд буухиа тэмцээн зохион байгуулж өгсөн. Бидний ажил талдаа орсон байгаа. Одоо 60 га талбайг хураавал бидний ажил дуусна даа" гэлээ.

Оюутан ахуй цагаа ийнхүү дурсамжтай өнгөрүүлж буй эдгээр залууст битүүхэн атаархал төрж байв. Хэдий хүнд ажил хийж байгаа ч найз нөхөд, хамт олон, хайртай хүнтэйгээ нэгэн намрыг дурсамжтай өнгөрөөж байгаа учир ядрах гэдэг үгийг ч мартаж. Ийнхүү бид тэдэнтэй хамт "Мартагдашгүй намар"-ын нэг өдрөөр нь аяллаа.

Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 15 тонн үнэт металл худалдан авчээ
Монголбанк оны эхнээс өссөн дүнгээр 15 тонн үнэт металл худалдан авчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.