Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАЙРУУЛАГЧ Б.ТАМИР: Уран бүтээлүүд маань бидний өмнөөс ОРИЛЖ чаддаг байх ёстой...

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
33 минут 24 секунд

Энэ намар үзэгчдийг дэлгэцийн өмнө утгаар нь "уяж" байгаа "Зура II буюу Цурам ажиллагаа" киноны зохиолч, ерөнхий найруулагч Б.Тамиртай шинэхэн уран бүтээл болон хэтийн зорилгынх нь талаар ярилцлаа. Уран бүтээлч хүний ассан гал шиг сэтгэлээр хөглөгдөж яваа түүний хувьд "Фантастик" продакшны хамгийн том тулах цэгүүдийн нэг юм. Ингээд СТА, найруулагч, жүжигчин Б.Тамирын уран бүтээлийн дотоод эмзэглэл рүү хамтдаа өнгийцгөөе.

-Урилга хүлээн авсан танд талархал илэрхийлье. Шинэ уран бүтээлээ нээчихээд түр амс хийж байна уу?

-Ярилцлага өгөөгүй бараг хоёр жил гаруй болсон байна. Хөдөө явж жаахан толгойгоо сэргээж байгаад саяхан ирлээ.

-“Фантастик”-ийн шинэ уран бүтээлийг хүлээж ядсан маш олон үзэгчид “Зура II” буюу Цурам ажиллагааг үзсэн байх. Кино дуусахдаа дараагийн ангийн хүлээлтийг шууд үүсгээд үлдээж байна лээ. Үзэгчид “Зура III”-г хэр удаан хүлээх вэ?

-Хийгдэх нь хийгдэнэ. Хэзээ вэ гэдгийг одоогоор хэлэх боломжгүй. Мэдээж бодсон бодол байгаа учраас л төгсгөлд нь тийм сцен хийсэн л дээ.

-Найруулагч, зохиолч хүний мэдрэмжээр үзэгчид таны уран бүтээлийг хэр хүлээж авч байна. Үзэгчдийнхээ үнэлэмж, шүүмж хандлагыг мэдэрч амжсан уу?

-Би киногоо нээгээд л хүмүүстээ ажлаа хүлээлгээд өгчихдөг хүн шүү дээ. “За би явлаа, амарлаа” гээд. Тэгэхгүй бол яг бүх зүйлтэйгээ өөрөө зууралдаад байвал хэцүү. Ядаж л ар гэр маань хүртэл хэцүү болох байлгүй дээ.

-“Зура I, II, III” гээд бүрэн хэмжээний төсөл явж байна. Үйл явдлууд, хэлэх гэсэн санаанууд бүгд нэг шугаманд огтлолцоно гэж найруулагч хүний хувьд тооцсон. Тэгвэл ЭХ ОРОН гэх том агуулгыг багтаасан “Зура” гэдэг бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зориод байгаа юм бэ?

-Нэрнээсээ эхлээд л гол санааг нь бодох нь зүйтэй. “Зура” гэдэг үг дайчин гэдэг агуулгатай. Эндээс л агуулга, концепц нь харагдаж байгаа байх. Эхний ангийн төгсгөл дээр миний хэлдэг ТАНГАРАГ гэдэг үгийг санаж байна уу. Тангараг гэдэг зүйл бол шууд бариад авч болдог зүйл биш. Харин андгай тангараг гэдэг бол оюун санаанд оршдог үнэлэгдэшгүй, маш үнэ цэнэтэй зүйл юм. Энэ зүйлийг зүгээр нэг хэлбэр болгосноос болоод өнөөдрийн нийгэмд ямар асуудлууд үүсээд байгаа билээ. Ялангуяа төрийн нэрийн өмнөөс тангараг өргөсөн хүмүүс яагаад өргөсөн тангарагаасаа няцаад байгаа юм. Үүнээс болоод төрд шударга байдал алдагдаж, зөв чигтээ эргэх ёстой байсан “араа” нь буруу эргээд эхэллээ. Энэ алдаанууд хаана, хаана нь байгаа вэ гэж дуугарах нь зөв юм болов уу гэж бодоод “Зура” төслийг эхлүүлсэн.

Эхний анги дээр Ганзориг прокурорын талаар гардаг. Болохгүй байгаа нэг “араа” нь энд байна. Прокурорын байгууллага, хууль хүчнийхэн дунд байна гэж илэрхийлж байгаа юм. Гэхдээ бүгд тийм биш. Үнэнч, шударга ажиллаж байгаа олон хүн бий.

Иргэд уран бүтээлчдийг талбай дээр гарч ирээд хүний эрхийн төлөө “ОРИЛ” гэж хэлдэг. Тэгэх шаардлагагүй шүү дээ. Бид чинь уран бүтээлчид. Яагаад гэвэл хийж байгаа уран бүтээлч маань бидний өмнөөс орилж байх ёстой. Чарлаж байх ёстой. Оюуны дархлаа болж үзэгчдэд хүрэх ёстой. Үүний төлөө л уран бүтээлчид ажиллах хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тэр агуулгаараа манай хамт олон бүтээлээрээ үзэгчидтэйгээ үзэл бодлоо ярилцахыг хүсэж байгаа юм.

Мөн нэр нь үлддэггүй, чимээгүй эх орончдыг нэг удаа ч гэсэн ойлгоосой. Тангараг өргөсөн бүх хүмүүс эх орныхоо төлөө байх ёстой юм байна гэдгийг бодоосой гэж би хүссэн. Нийгэм хэнд итгэхээ мэдэхгүй, итгэл нь алдарчихсан байна. Тэр итгэлийг нь уран бүтээлчид бид өгөх ёстой.

Гэрэл зургийг Ubn.mn

“Бидний уран бүтээл Х.Баттулгатай ямар ч холбоогүй. Энэ чинь уран сайхны кино шүү дээ. Жаахан хөнгөн хүлээж ав л даа”

-“Фантастик”-ийн сүүлийн гурван кино улс төрийн сэдэвтэй. Улс төрд болж бүтэхгүй байгаа зүйлийг харуулахыг зорьсон бүтээлүүд боллоо. Ер нь яагаад зохиол нь улс төр рүү чиглээд байна вэ. Болохгүй бүтэхгүй өөр олон сэдэв байна?

-Уран бүтээлчид хийж байгаа юмаараа л дуу хоолойгоо хүргэнэ. Эх оронд маань болохгүй зүйл олон байна. Эсвэл байхгүй байгаа юм уу. Байхгүй байхад нь би энэ зүйлийг гаргаж ирээд хийчихсэн үү. Тэгвэл асуудалд орно шүү дээ. Асуудал, эмзэглэл байгаа болохоор л чарлаад, орилоод байгаа юм. Аливаа уран бүтээл гэдэг чинь тэрийг хийж байгаа найруулагч, зохиолч, жүжигчид бүгд үзэгчидтэйгээ адилхан сэтгэл нь шимшрээд, гомдоод, туниад, шаналаад, уйлаад явж байгаа тэр бүх эмзэглэлээ л уран бүтээл болгоод гаргачихаж байгаа юм.

Тиймээс нэг их улс төр хөөцөлдлөө гэх шаардлагагүй байх. Улс төр нь зүгээр байвал би өнөөдөр улс төрөөр юм хийхгүй биз дээ. Энэ чинь зүгээр л уран бүтээл. Биднийг улстөржлөө, улс төрийн захиалгаар юм хийлээ гээд байдаг. Бид үүнийг огт тоодоггүй. Яагаад гэвэл бидэнд тэр ярианд анхаарал хандуулах цаг зав байдаггүй. Бид зүгээр л урдах ажлаа сайн хийхийг хичээж байгаа л залуучууд. Одоо ч барагийн юманд шаналаад суудаг хөг нь өнгөрч дээ. Амьсгаа авах завгүй л ажиллацгааж байна.

-Улс төрийн сэдэвтэй болоод ч тэр үү. Эсвэл үйл явдлууд нь саяхан болж өнгөрсөн юм шиг сэтгэгдэл төрүүлсэн. “З7-р Точка”, Зура I, II ангиудыг үзсэн зарим хүмүүс “Фантастик”-ийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай их ойрхон. Магадгүй түүний ярьдаг хэлдэг эх орны агуулга, Урд хөршийг үгүйсгэх хандлага нь ажиглагдаж байна гэж дүгнэж байна?

-Ямар ч хамаарал байхгүй. Нэг сонин юм ярьж өгье. “37-р Точка” киноны 90 оны хувьсгалын тухай хэсгийн зургийг авах гэсэн чинь тэнд байсан ахмадууд бүгд босоод явчихлаа. “Яасан бэ” гэсэн чинь “Энэ чинь Элбэгдоржийн тухай кино байна. Ардчилсан намын тухай кино байна” гэж хэлж байх жишээтэй. Уг нь болоод өнгөрсөн зүйлийн тухай л кино хийх гэж байгаа шүү дээ. Өөр нэг жишээ. Миний утасны дугаарын төгсгөлийн тоо нь 37. Энэ тоогоороо би киногоо нэрлэсэн юм. Барьж байсан утасныхаа дугаарын төгсгөлөөр киногоо нэрлээд тэр нь хүнд хүрэх нь миний хувьд утга учиртай зүйл мөн биз дээ. Гэтэл нөгөө ардчиллыг үзэн ядаад байсан хүмүүс 37 оны хэлмэгдүүлэлт санууллаа ч гэнэ үү бас баахан шуугисан. Тийм утгагүй зүйл гэж байхгүй. Үзэгчид өөрсдийнхөө хардсан өнцгийг заавал үнэн болгохыг хүсээд байдаг юм шиг санагддаг. Ганцхан Х.Баттулга гэж хүн Хятадтай холбоотой асуудлыг мэдэж байдаг юм уу. Үгүй шүү дээ. Сонин, сайт, ном, түүх гээд хаанаас ч бидний хөндөөд байгаа асуудлыг ухаад уншаад, ойлгоод авах боломж байна.

-2017 оны сонгуулиас хойш монголчуудад Хятадаас, хятад хүнээс цэрвэх бодлоо улам тодоор илэрхийлэх болсон. Манай тусгаар тогтнол, эх орны аюулгүй байдалд санаатай, санаандгүй нөлөөлөх гэж оролддог өөр орны жишээ бий. Яагаад муу нэртэй Хятадыг сонгож аваад олны нийтийн дургүйцлийн “галыг өрдөх” болов?

-Манайхан одоо Хятад гэж эмзэглээд байх хэрэггүй. Хятадын оронд манай хажуу талд Япон, Казакстан ч юм уу өөр ямар нэгэн улс байсан ч энэ асуудал мөнхийн байна. Хөрш орнуудын асуудлууд, найрсаг харилцаанууд дэлхийн аль ч өнцөгт яг адилхан. Одоо биднийг Хятад руу турхирлаа, барилаа гэдгээ больцгоо. Энэ бол байдаг л зүйл. Харин дор бүрнээ л эрүүл дүгнэлтүүдээ хийчих. Бидний зөв, эсвэл буруу ч байж болно. Энэ чинь уран сайхны кино. Хаа байсан Цагаан ордон хүртэл дэлбэрээд л байдаг биз дээ. Гэхдээ нийгэм бухимдалтай байгаа учраас бүгдийг улс төрийн өнцгөөс хараад жоохон хүнд тусаад байж магадгүй.

Гэхдээ өнөөдөр хэн дуугарах ёстой вэ. Ийм асуудлууд гарч байхад өмнө өөр хүмүүс яагаад дуугарахгүй байсан юм. Ер нь эцсийн эцэст юуны төлөө энэ зүйлийг хийсэн бэ гэдэг бол бодох л ёстой асуудал. Бидэнд ч гэсэн олон проблемүүд ирсэн шд.

-Хувь уран бүтээлчдийн бүтээл дээр ямар нэгэн дарамт, шахалт ч юм уу. Эсвэл асуудлууд тулгарсан гэхээр их гайхсан л даа. Та проблемүүд ирсэн гэж хоёр дахь удаагаа олон нийтэд хандаж хэлж байна. Чухам хаанаас, хэнээс, ямар проблемүүдийг та хэдэд тулгав гэдэг сонин байна?

-Зураг авалтын үед, судалгааны үед ч гэсэн проблемүүд бидэнд ирсэн. Залуучуудаараа цуглаж байгаад “Хийвэл хийе, айвал бүү хий, хийвэл бүү хий” гэж тохироод бүгдийг хийсэн. Яг ямар дарамт, шахалт ирсэн талаар яриад хэрэггүй байх. Бүр өндрийг авчихна. Цаг хугацаа нь болохоор энэ талаар ярина. Зарим зүйлийг бас мэдээгүй өнгөрөх нь хэрэгтэй байдаг байх. Бид чинь ар гэртэй, урлагийн хүмүүс. Ямар сайндаа л соц нийгмийн үеийн хяналт, шалгалт шиг асуудлыг хүртэл гаргах гэж байна гээд л дотроо бодчих. Цаг үе өөр болсон гэдгийг бид харууллаа шүү дээ.

-Зура II дээр гардаг үйл явдлуудыг их ойрын жишээнээс санаа авсан уу. Үйл явдлууд нь тун саяхан болж өнгөрсөн зүйлс ч юм шиг сэтгэгдэл олон хүнд төрүүлсэн байна лээ?

-Мэдэхгүй, судалж байсан чинь л гараад ирсэн.

Гэрэл зургийг Ubn.mn

“Бид шүүмжүүдэд маш хүндэтгэлтэй ханддаг”

-Эхлэлийн өндөр хүлээлтийн араас шүүмжүүд явж эхэлсэн. Шүүмжүүдийг ер тогтож харсан уу. Алдсан зүйл, оносон зүйл юу байна гээд тунгааж үзэв үү?

-Киног яг нарийн харвал маш олон төгсгөлтэй. Үйл явдлууд нь дуусаад, үргэлжлээд явна. Тэгээд миний нялуурдаг нялуурлууд яваад л байна. Би бол өөрийнхөө дутагдлуудыг мэднэ. Гэхдээ хийхгүй байя гэхээсээ илүүтэй хийж байж Тамираа гарч ирдэг юм шиг санагддаг. Бид шүүмжүүдэд маш их хүндэтгэлтэй ханддаг. Хүн бүр харах өнцөгтэй. Бидний бодоогүй гоё өнцөг, санаануудыг хэлж байна. Би “Зура II” кинодоо маш их сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэвэл дараа, дараагийн төслүүд үүнээс илүү асуудалтай төслүүд байх болно. “Зура II”-г ингэж хүлээж авч, сэдэв болгож байгаа юм чинь бидний дараагийн кино, төслүүд амжилттай болох юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болж байна. Ер нь бол яах бол гэж айж байсан гэх үү дээ.

-“Фантастик”-ийн хэтийн төлөвлөгөөг юу гэж харцгааж байгаа вэ. Хүлээлт үүсгэчихдэг болоод ч тэр үү, кино хоорондын зай жоохон холдоод байх шиг санагддаг болсон?

-“Фантастик” өнгөрсөн цаг хугацаанд бүхэлдээ өөрсдийгөө сорьж ирлээ. Жишээ нь би гэхэд хайрын романс, комеди, тулаант, түүхэн гээд олон төрлөөр сорьсон. Өнгөрсөнд хийсэн бүхэн сорилт. Одоо “Фантастик”-ийн гуравдугаар үе үүгээр эхэллээ. Илүү чанартай уран бүтээлийг үзэгчддээ хүргэхийг зорьж ажиллана. Магадгүй дөрөвдүгээр үе дээрээ гадаадад киногоо нээх, тавдугаар үедээ холливудын жүжигчдийг кинондоо тоглуулахыг ч үгүйсгэхгүй. Тэнд хүрэхийн тулд л маш их суралцаж байна.

Caption

“Нэг сэтгэлд нь хоёр үхээд яах вэ” гэдэг диалогийг Саруулбуян дүү маань бичсэн”

-Сая “Зураг II”-ын зохиолыг хэр хугацаанд бичив. Ганцаараа бичсэн үү?

-Саруулбуян гээд манай дүү байгаа. Дүү маань надтай дөрөө харшуулан давхиад нэг том ажлын ард гарлаа. Би хувьдаа дүүгээ сайн давхисан гэж бодож байна. “Нэг сэтгэлд нь хоёр үхээд яахав дээ” гэдгийг л бичсэн толгой шүү дээ.

-Найруулагч хүн зохиолоо бичихдээ хэлбэрт, үзэгчдэд харагдах сценүүддээ тааруулж бичээд байдаг юм шиг санагддаг. Уг нь зохиолчийн бичсэн агуулгыг найруулагч хүн хэлбэр, дараалалд оруулж үзэгчдэд хүргэх ёстой биш үү?

-Би азтай нь жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Зохиол бичих тухайд сүүлийн арав орчим жил оролдож байна. “Дурсамж төгсгөлгүй”-гээс эхлээд бүх кинонуудаа бичиж байна. Яахав, сурч байна. Туршлагажиж байна. Бас илүү уншиж, судалж байна. Бага багаар суралцсаар л байна даа.

Гэрэл зургийг Ubn.mn

“Миний хувьд одоо л яг жинхэнэ “ДАЙН” эхэлж байна”

-“Фантастик” орчин цагийн Монголын кино урлагт стандарт тогтоож чадаж байгаа юу. Танай кинон дээр хамтарч ажилласан СТА С.Ариунбямба “Стандарт тогтоож, цас ханзалж яваа залуус” гэж дүгнэж байна лээ?

-Бид “Фантастик” гэдэг стандарт бий болгохын тулд л хичээж явна. Стандартыг бий болгож чадвал манай кинонд явж байгаа бүх залуучуудад энэ зүйл өвлөгдөөд үлдэнэ. Аль болох хүмүүст тээргүй, төлөвлөгөөтэй, бие сэтгэлийг нь зовоохгүй байхыг л хичээж ажиллацгааж байна. Өмнө бид замбараагүй, төлөвлөгөө муутай ажилладаг үе байсан. Одоо түүнийгээ өөрчлөх гээд хичээж байна.

-Нэг үе киночид маань “Кино хийе, камераа ав. Зохиолоо замдаа бичнэ” гээд гараад явчихдаг байсан юм биш үү?

-Саяхныг хүртэл тийм зүйл манай салбарт байсан. Бид ч гэсэн адилхан л байсан шүү дээ. Одоо энэ нь кино гэхээсээ контент хэлбэр рүүгээ орж байна. Аль болох бага зардлаар, маш хурдан хийгээд IPTV-д байршуулаад ашиг олохыг манай уран бүтээлчид зориод байх шиг байна. Манайхан ч гэсэн мэргэжлийн түвшинд нь дөхүүлэх гээд зүтгэж байна. Сая гэхэд л гадны жүжигчидтэй хэрхэн ажиллах ёстой, юун дээр алдав. Монголын болон бусад орнуудын киноны соёл юугаараа ялгаатай байна гээд олон зүйлийг ойлгож авлаа. С.Ариунбямба ах гэхэд л аль уже тэр стандартыг өөртөө суулгачихсан байгааг хараад мэдэрч байх жишээтэй.

-Зохиолч, найруулагчийн хувьд сая нээлтээ хийсэн “Цурам ажиллагаа” киноноос үзэгчдийн анзаарахгүй байгаа, эсвэл энэ хэсгийг л яг тогтож ойлгоосой гэж бодож байгаа хэсэг, агуулга байна уу?

-Миний хувьд үзэгчдийн сэтгэгдлүүдийг анзаарч харж байна. Бүгд л очих ёстой “бай”-ндаа очсон юм болов уу гэж бодож сууна. Магадгүй хасагдсан сценүүдийг дээр нь нэмсэн байсан бол бүр сонирхолтой болох байсан юм болов уу.

-Ямар хэсгүүд яагаад хасагдав. Найруулагчийн шийдэл үү, түрүүн хэлсэн шахалтаас болсон юм биш биз?

-Жишээлбэл, ТЕГ-ын ажилтан Хуягаа “Галзуу” Ганаагийн эхнэрийг хүүхэдтэй нь уулзуулдаг хэсэг байсан. Гэхдээ яг тэр хэсэг нь шууд төгсгөл болчих гээд байсан учраас л ярилцаж байгаад хасчихсан.

-Анх Тамирааг кино найруулаад, зохиолоо бичээд эхэлж байхад хүн бүр л хэр хол явах бол гэж харж байсан. Бүр зарим нь аавынхаа хүчээр, ээжийнхээ дэмээр ч гэх хандлага гаргадаг байсан юм билээ. Одоо Тамир зорьсон зорилгынхоо хаана явж байна?

-Би тийм үг хэллэгийг ер тоодоггүй. Тийм зүйлд анхаарал хандуулах зав үнэхээр алга. Одоо л жинхэнэ дайн эхлэх гээд байна даа гэдэг шиг Тамирын хувьд одоо жинхэнэ гоё юм эхлэх гээд байна. “Фантастик”-ийн гуравдугаар үе эхлэх гээд байна. Гуравдугаар үе шүү дээ гээд албаар дахин дахин хэлээд байгааг сайн анзаараарай. Өнгөрсөн хугацаанд боломжоороо л хийж бүтээсэн. Одоо л яг зах зухаас нь ойлгож байна. Тиймээс цөм рүү нь ороод үзчихмээр санагдаад байгаа. Энд л чадвал чадаад, чадахгүй бол “алуулаад”, миагаараа дуудуулна л биз. Гадагшаа гарахад л бид хэн ч биш болно. Гадны алдартай жүжигчидтэй хамтарч ажиллах юмсан гэж бодож байна.

-Гадны жүжигчид гэснээс сая та бүхэн гадаадын уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Бас киноны дүрийн сонголтууд маш сонирхолтой, оновчтой болсон юм шиг санагдсан?

-“Фантастик”-ийн хувьд дараа, дараагийн төслүүдэд зарим “морьдоо сойсон”. Тэгэхгүй бол нөгөө л байдаг хэд гараад ирвэл үзэгчдэд сонин биш. Гадны жүжигчдийг Малайзын агентлагтай холбогдоод сонгож авсан. Хятад бол зөвшөөрөхгүй. Биднийг хатгасан наад кинондоо манай энэ алдартай жүжигчнийг тоглуулчих гэж хэлэхгүй. Азаа сориод асууж үзсээн, үзсэн.

Гэрэл зургийг Ubn.mn

“Баасан гуайд Хятадын хөгшин тагнуулын дүрийг санал болгож үзсэн ч, “Хүүе болохгүй” гэж байна лээ”

-Нууц биш бол хэн гэдэг жүжигчинд нь санал тавьж үзэв?

-Баасан гуайтай холбогдож үзсэн. Баасан гуайн зүрхэнд нь орчихсон байна лээ. “Хүүе болохгүй ээ” гэж байна лээ /инээв/

-Аль дүрийг санал болгосон юм бэ?

-Хятадын хөгшин тагнуулын дүрийг санал болгож үзсэн. Стевийн хувьд бол маш сайн жүжигчин байна лээ.

-Монгол жүжигчдийнхээ дүрийн сонголтыг хэрхэн бодож сонгов?

-Ариунбямба ах, Болд-Эрдэнэ ах, Дооёо ах нар маань гадны жүжигчдээс дутахгүй мундаг шүү дээ. Би Дооёо ахыг “Зура I” дээр дүрийг нь бодчихсон байсан ч харамсалтай нь өөр кинотой давхцаад болоогүй юм. Мэргэжлийн уран бүтээлчидтэй ажиллана гэдэг чинь миний, бидний ажилд ямар их тус нэмэртэй гэж санана. Ер нь зохиолоо бичээд дүрүүд дээрээ жүжигчдээ зоогоод, зоогоод явчихдаг юм дөө. Нэг их зөрсөн, алдсан зүйл байдаггүй.

-“Зура II” дээр жүжигчнээ бодож дүрийг нь бичсэн тохиолдол байна уу. Зарим хүний төрөлхийн өгөгдөлд тааруулаад дүрийг нь өгсөн ч юм шиг. Эсвэл хүнийг нь бодоод бичсэн ч юм шиг сэтгэгдэл төрж байсан?

-Саяын кино дээр Дооёо ах, Ариунбямба ах хоёрын дүрийг яг өөрсдийг нь бодож бичсэн. Тэгээд Шагайг бас нэг гол дүрд нь тоглуулна гэж анхнаасаа бодсон.

Гэрэл зургийг Ubn.mn

“Тулгатын дүрд уг нь би тоглох байсан юм. Гэхдээ би орчихвол энэ төсөл зогсоно гэж бодоод больсон”

-Продакшн дотроо дүрүүдээ яаж хувиарладаг юм вэ. Гол дүр, туслах дүр гээд?

-Хамгийн гоё момент бол дүр хуваарилалт. Зарим тохиолдолд энэ кинонд тэр, тэр орохгүй шүү гээд хэлчихдэг. Гэхдээ дүргүй үлдсэн нь дараагийн гоё кинонд орж ажиллах нь баталгаатай гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор бүгд л за гэдэг.

-Зохиолч, найруулагч, продакшн ахалж байгаа хүний хувьд гол дүр нь таалагдаад жүжигчин хүний хувьд авчихмаар дотроос чинь хатгах үе гарна биз?

-Хэцүү шдээ. Тэгж болохгүй. За яахав дээ, гэж өөртөө хэлээд дотроо залгиад л өнгөрнө. /инээв/ Уг нь “37-р Точка”-гийн Тулгатын дүрийг би өөрөө хийх байсан юм. Гэхдээ би орчихвол энэ төсөл зогсоно. Арын хамгийн том ажлаа даах ёстой хүн нь жүжиглээд явчихвал хамаг ажил хэцүүднэ. Тэгээд туслах найруулагч байсан залуугаа чи ор гээд оруулчихсан юм. Харин аавын орж байгаа кинон дээр би санаа амар дүр авдаг. Би энийг нь шүү гэж байгаад л тоглочихдог юм.

-Дараагийн уран бүтээлийн чимээ хэзээнээс гарч эхлэх вэ. Үзэгчид танай кинонуудыг хүлээгээд дадчихлаа. Заримдаа бүр хэт удаан хүлээлгээд байна гэж тэсгэл алдах л юм билээ?

-Хүмүүс яг кино болоод дэлгэцэнд гарахыг нь хардаг. Гэтэл үүний цаана маш их ажил явж байдаг. Судална, суралцана. Бичнэ, засна. Дүр сонгоно гээд асар олон ажил явдаг учраас хугацаа их шаардаад байна. Сайн уран бүтээл хийе гэвэл маш их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулна. Тиймээс дараагийн уран бүтээлийг яг цаг хугацаа заагаад хэлэхэд хэцүү байна. Бодсон төлөвлөсөн ажлууд, төслүүд овоорч байна.

-Ядаж ойролцоогоор?

-Багадаа жилийн дараа байвал их юм. Бараг хоёр жил болох байх.

-Сая “Цурам ажиллагааг” нээхийн өмнө үзэгчид та хэдийн үсээ ургуулаад байсан учрыг харах байх гэж бодож байлаа. Гэсэн ч тэгсэнгүй. Ер нь түүхэн киноны ажил ямар шатандаа явж байна?

-Том кино, том л байх юм. Томоор нь л алгадах юм. Яахав бүх юм урагшилж байна. Төвөлөгөөний дагуу явж байна. Тэсэлчих байхаа л гэж бодоод байгаа. Зохиолоо бичээд дуусахдаа хаана буухыг нь ерөнхийд нь харчихдаг байхгүй юу. Ер нь бол тэслэх байх. Би үүнд 100 хувь итгэлтэй байна. Бид бүгдээрээ 100 хувь сэтгэл зүрхээ өгчихсөн ажиллаж байна. Гадны зах зээл дээр л тэсэлчих юмсан гэж эрмэлзэж байна. “Маш нууц” гээд том төсөл ч гэсэн биднийг банхаатал хүлээгээд байж байна.

-“Фантастик”-ийн хийсэн кино болгон үзэгчдийг анхаарлын төвд байна. Сүүлийн жилүүдэд тасралтгүй амжилтын оргилд та бүхэн зогсож байна. Гэхдээ хүн бүр амжилттай, ашиг орлого, нэр хүндтэй өнөөдрийн “Фантастик”-ийг л харж байгаа. Тэгвэл арван жилийн өмнөх, амжилт олох хүртлээ хөдөлмөрлөсөн “Фантастик”-ийн тухай эргэн дурсвал?

-2008 оноос хойш 15 жилийн турш бидний нөхөрлөл, хөдөлмөр, зүтгэл зогсолтгүй урагшилж байна. Таван жилийн өмнө “37-р Точка” киногоо 10 жилийнхээ ойд зориулж хийж байлаа. Тэр арван жилийн сүүлийн дөрвийг нь л хүмүүс мэддэг байхгүй юу. Эхний зургаан жилийг ёстой хэн ч мэдэхгүй. Их олон жил юм хийлгэхийн тулд их олон жил биднийг шахаж дээ л гэж би боддог. Олон юм үзэж туулж, өнөөдрийг хамтдаа өнгөрүүлж байгаа болохоор бидэнд жижиг проблемүүд асуудал биш юм шиг санагддаг. Хоёрдугаарт, эрчүүдийн сайхан нөхөрлөл байна. Мэдээж энэ чинь маш их тэвчээр. Маш их тэвчээр шүү дээ. Би найзуудынхаа тэвчээртэй занг хараад бахархдаг. Мэдээж асуудлууд байлгүй яах вэ. Тэр болгонд бүгд тэвчээд л өнгөрдөг, зүгээр л урдах ажлаа хамгийн сайнаар хийдэг. Үүний үр дүнд бид өнөөдөр уран бүтээлдээ дурлаж, хийсэн бүтээлээрээ үзэгчдэд овоо нэг хүндлэгдэх тал руугаа орж байна уу даа.

Гэрэл зургийг Ubn.mn

“Фантастик яваандаа театрын тайзнаа гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа”

-Удтал “Фантастик”-ийн найруулагч Тамираатай ярилцлаа. Тэгвэл одоо театрын Тамирааг эргэн дурсая. Театрт ажиллаж байсан жүжигчин бүрийн хамгийн гайхалтай дурсамж, тод томруун дүр тэр тайзан дээр өнгөрсөн байдаг. Эргээд бүгд театр руугаа зүрх сэтгэлээрээ тэмүүлдэг юм шиг санагддаг. Тамираа хэр тэмүүлдэг вэ. “Фантастик” ер нь театрын тайзнаа гарах талаар бодож байв уу?

-Театраа саналгүй яахав. Маш их санадаг. Оргилуун залуу насны маань бас нэг сайхан мөчүүд тэнд өнгөрсөн. Одоо ер нь нэг жүжиг барьж авч үзнээ. Ер нь тийм бодол байгаа. Манайх ойгоо тохиолдуулаад жүжиг тавъя гэж төлөвлөөд бүр жүжгээ хүртэл сонгоод бэлтгэл ажилдаа орох гэтэл ковид гараад бүх зүйл талаар болсон. Тайз гэдэг бол жүжигчин хүнд маш том практик, аймар том сургуулилалт болдог. Үзэгч, жүжигчин хоёрын амьд харилцаа тэнд байдаг учраас жүжигчин хүн өшөө илүү өөрийгөө олж, дотоод сэтгэл рүүгээ тэмтчиж чаддаг.

Би дөнгөж саяхан нөгөө хэддээ “За, нэг жүжиг бариад авбал авах л юм” гээд яриад сууж байлаа. Гол нь театрын тайзнаа гарна гэдэг чинь бид бүхэнд маш том сургуулилалт болно. Тэр нь “Фантастик”-ийн дараагийн уран бүтээлийг өнгөлөөд, тослоод өгнө.

-Өмнө нь ямар жүжиг сонгочихсон байсан юм бэ?

-Комеди жүжиг байсан юм. Яг үнэндээ би тайзан дээрээ тоглоод стрессээ тайлмаар байгаа байхгүй юу. Тайзан дээр гарах тэр мэдрэмж ямар гайхалтай гэж бодож байна. Ер нь тайзны уран бүтээл рүү орчих юм бол дахин дахин түүндээ уягдаад явах байх шүү. Уг нь “З7-р Точка” хийгдээд араас нь жүжгээ тавьчихсан бол жүжигчдэд маш их урам өгөх байсан юм. Гэхдээ яах вэ. “Фантастик” жүжиг рүү орно оо.

Гэрэл зургийг Ubn.mn

“МУГЗ Б.Баатар найруулагчийн надад өгсөн итгэл намайг маш их ирлэсэн”

-Тамирааг театрт байхад найруулагч болох чиг шугам, урам зоригийг нь МУГЗ Б.Баатар найруулагч өгч байсан гэж та дурсаж ярьсан байна лээ. Монголын театрын урлагийг сүүлийн 20 орчим жил залуурдаж явсан тэр агуу эрхмийг өнөөдөр заавал дурсан санах ёстой байх?

-Баатар найруулагч “Тэгээрэй, ингээрэй” гэж хэлж, заахгүй л дээ. Тэр хүн шал өөр юмаар ярьдаг байхгүй юу. Үүгээрээ надад маш их юм өгсөн дөө. Надад өгсөн итгэл, хүндэтгэл намайг маш их ирлэсэн. “Аз жаргалын шок” кинон дээр би ирэхгүй байх гэж бодож байсан юм. Ирдэггүй байхгүй юу. Тийм том амьтан чинь нэг муу нусан чипакын киноны нээлт дээр юу гэж очих юм бэ. Гэтэл хөөрхий минь таягтайгаа хүрээд ирж билээ. Түүнээс хойш миний бүх киноны нээлт дээр ирдэг байсан юм. Итгэлийг нь алдахгүйн тулд “Михиальд бодсон юм” байгаа. Түүндээ хүрэхийг л хичээнэ дээ.

-Залуучууддаа хандаад, магадгүй та бүхэн шиг жүжигчин, кино уран бүтээлчид болно гээд мөрөөдөж суугаа олон арван залуучуудад зориулаад өөрийнхөө амьдралдаа баримталдаг зарчим, үнэт зүйлээсээ хуваалцаад хоёулаа ярилцлагаа өндөрлөе?

-Мянган будаа цацахад зүүний үзүүр дээр тогтож байгаа ганцхан будаа чинь би. Тэгж хэцүү олдсон хувь заяаг бид эргээд юу хийчихсэн юм бэ гэж бодохоор өнгөрүүлвэл утгагүй. Хүн аливаа юмыг чадахгүй байж болно. Өөрөө өөрөөсөө л битгий урва. Би арван жилийн өмнө зохиол бичих гээд чадахгүй л сууж байсан. Оролдсон, уншсан, судалсан. Өнөөдөр сайн, муу нь холилдож сүлэлдээд ч хамаагүй арав гаруй зохиол биччихсэн байна. Цаашдаа улам сайжрах ёстойгоо мэдэж байна. Өөрөөр хэлбэл би өөрөөсөө урваагүй байхгүй юу. Өөрөөсөө урваад эхлэхээр л хүмүүс худлаа ярьдаг болно, хариуцлагаас зугтаадаг болно. Ингээд ирэхээр л зорьсон зорилго руугаа тэмүүлж чадах больчихдог. Өөртөө эзэн байхгүй бол Батаа, Доржоо чиний өмнөөс эзэн болохгүй.

-Бидний урилгыг хүлээн авч дэлгэрэнгүй сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн дэлгэр амжилтыг хүсье.

-Баярлалаа.

Г.Лхагвадорж

ТЦА: 10-16 насны хүүхдүүд бие даан замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртөх нь элбэг байна
ТЦА: 10-16 насны хүүхдүүд бие даан замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртөх нь элбэг байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.