Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.09.23/ БЗД-ийн иргэдтэй уулзсан. Тэгвэл уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нар, Баянзүрх дүүргийн удирдлагууд нийслэлчүүд төдийгүй тус дүүргийн иргэдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудын хүрээнд илэн далангүй ярилцаж, 28 иргэний сонирхсон асуултад хариулж, хүсэлтийг нь газар дээр нь шийдвэрлэв.
Нийслэлчүүдийн дөрөвний нэг нь оршин суудаг Баянзүрх дүүргийн хувьд гэр хорооллын авто зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж тааруу, боловсролын хүртээмж буюу цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муу байдаг, төрийн байгууллагын анхан дунд шатанд хүнд суртал их байгаа, сүүлийн хэдхэн жилийн дотор улстөржилтөөс болоод хөгжлийн үзүүлэлтээрээ бусад дүүргүүдтэй харьцуулахад сүүл мушгих болсон, ахмадуудын хувьд хөнгөлөлттэй эмийн асуудал зэрэгт Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарах шаардлагатай байгааг иргэд хэлж байв.
Иргэдийн санал, хүсэлтийн дагуу Ерөнхий сайд Баянзүрх дүүргийн хэмжээнд санхүүжилт нь тодорхойгүйгээс “царцаасан” 31 обьект байдгаас зураг төсөв нь бүрэн байгааг нь ирэх оны төсөвт тусгуулах, мөн сургууль, цэцэрлэгийн дөрвөн барилгын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, гэр хорооллын зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын зураг төсвийг бэлэн болгоход зориулж Ерөнхий сайдын багцаас дөрвөн тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэлээ.