Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүд аргаль агнасных нь дараа тусгай зөвшөөрөл олгожээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 3 секунд

АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган хүү Дональд Трамп Жр өнгөрсөн наймдугаар сард Монгол улсаар аялах үедээ аргаль агнасан талаар Propublica сайт мэдээлжээ.

Монголын засгийн газраас Дональд Трамп Жр-д ан агнах тусгай зөвшөөрлийг есдүгээр сарын хоёронд буюу Монголоос буцсанаас бараг сарын дараа олгосон байдаг.

Трамп Жр АНУ-руу буцахаасаа өмнө Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай товч уулзсан. Уулзалтаар хэлэлцсэн зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч уулзалтын дараа зөвшөөрөл нь нөхөж гарсан байдаг.

“Монголын засгийн газраас тус улсад аргаль агнах зөвшөөрлийг ховор тохиолдолд олгодог. Тус аймагт аргаль агнахаар олгосон гурван тусгай зөвшөөрлийн нэг байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Аргаль агнах зөвшөөрлийг олгохдоо улс, төр бизнесийн хэлхээ холбоонд суурилсан ил тод бус систем үйлчилдэг” гэж тус сайтад мөн бичжээ.  

Вашингтоны Их Сургуулийн хуулийн ёс зүйгээр мэргэшсэн профессор Кэтлин Кларкийн дурдсанаар “Хэрэв АНУ-ын ерөнхийлөгчийн хүү биш байсан бол Монгол улсын засгийн газар ийм зөвшөөрөл олгох байсан уу? Трамп Жр АНУ-ын засаг захиргаанд албан тушаал хашдаггүй, улс төрийн эрх мэдэлгүй. Тийм байхад Монголын төрийн тэргүүн онцгойлж харьцсан нь зохимжгүй” гэж тус сайтад ярьсан байна.

Дональд Трамп Жр хүүгийн хамтаар Монголоор аялсан бөгөөд АНУ, Монгол хоёр улсын хамгаалалтын алба дагалдаж явсан. АНУ-ын ерөнхийлөгчийн хүүд хөтөч хийж явсан хүний ярьснаар “Дональд Трамп Жр аргалийг лазерын тусгалтай ангийн буугаар шөнө агнасан. Нутгийн иргэд аргалийг газар дээр нь эвдэх гэтэл Трамп тэднийг болиулж, арьс эврийг нь гэмтээхгүйгээр тугалган цаасан ороож зөөхийг тушаасан” гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө ан агнахыг зугаагаа болгохын эсрэг байр суурь баримталдаг бөгөөд “аймшгийн шоу” ч гэж тодотгож байсан удаатай. Гэсэн ч түүний хоёр хүү ан агнах сонирхолтой байсаар.

Ташрамд дурдахад АНУ-ын төрийн тэргүүн Иванка Трамп, Дональд Трамп Жр, Баррон Трамп, Тиффани Трамп, Эрик Трамп гэх таван хүүхэдтэй.

Эх сурвалж: ProPublica, The Guardian

Татварын орлого 1.4 их наядаар өсжээ
Татварын орлого 1.4 их наядаар өсжээ
 
Эм, эмнэлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ
Эм, эмнэлгийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.