ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ЗӨСҮТ-өөс гаргасан тарваган тахлын байгалийн голомтын аюулын зэрэглэлээр 15 аймгийн 78 суманд хүний өвчлөл гарах эрсдэл өндөр байна гэж дүгнэлээ. 2012-2021 онд нийт зургаан аймгийн 11 суманд 15 хүн тарваган тахлаар өвчилж долоон хүн нас барж байсан судалгаа бий. Мөн иргэд тарвагыг хууль бусаар худалдаалан, хот суурин газар руу тээвэрлэх, хүнсэнд хэрэглэх явдал тасралтгүй гарсаар байгаа нь эрсдэл дагуулдаг. Он гарсаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Бугат, Ногооннуур, Цэнгэл, Сагсай болон Увс аймгийн Сагил, Ховд аймгийн Мөст сумын нутгаас олдворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын үүсгэгч нянг илрүүлсэн.
Одоогоор тарваган тахлын хяналт сэргийлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд аймаг нийслэлийн засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газар, зоонозын өвчин судлалын төвүүдэд хандсан албан даалгавар гаргаж, хүргүүлсэн. Аймаг, нийслэлийн Засаг дарга нар тарваган тахал болон бусад Зоонозын халдварт өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах ёстой" гэв.