Сүүлийн үед УБТЗ-ын унтлагын вагонд хэрэглэдэг орны цагаан хэрэглэл, хөнжил зэргийг бохир байдаг эртний эдлэл гэх зэргээр олон нийтийн зүгээс шүүмжлээд буй. Иймд UBN.MN сайтын сурвалжлах баг УБТЗ-ын “Зорчигчийн вагон депо”-оос энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ. Сурвалжилгаар галт тэрэгний цагаан хэрэгсэл, хөнжил зэргийг хэрхэн цэвэрлэж, ямар шат дамжлагатайгаар зорчигчдод хүрдэг болохыг харуулахыг зорилоо.
Манай сурвалжлах багийн хамгийн эхний байршил УБТЗ-ын “Зорчигчийн вагон депо”-н зэхэлт бэлтгэлийн цехийн хөнжил, одъял цэвэрлэдэг хими цэвэрлэгээний өрөөнөөс эхлэв. Энэ өрөөнд гурван ширхэг томоохон хэмжээтэй угаагч машин байх бөгөөд хөнжил, бүтээлэг зэрэг овор ихтэй зүйлс цэвэрлэдэг хими цэвэрлэгээний машин аж.
"Сард дунджаар 1200-1300 хөнжил, одъял угааж, хими цэвэрлэгээнд цэвэрлэдэг"
"Зорчигчийн хэрэглээнд очиж буй цагаан хэрэглэл бохир очих ямар ч боломжгүй"
Зэхэлт бэлтгэлийн цехийн ээлжийн мастер Ю.Энхтуул "Өмнө нь вагоноор зорчиж буй иргэдэд нэлээд дээр үеийн хөнжил /одъял/ өгдөг байсан. Харин 2020 оноос хойш УБТЗ-ын вагоны хэрэглэлүүд шинэчлэгдээд явж байгаа. Энэ онд гэхэд орны цагаан хэрэглэлийн 90 орчим хувь нь шинэчлэгдсэн. Үлдсэн 10 хувийг ашиглалтын явцад солих болно. Өнгөө алдсан, бор даавуу байхгүй. Зорчигчийн хэрэглээнд очиж буй цагаан хэрэглэл бохир очих ямар ч боломжгүй. Учир нь угаагч, индүүдэгч, хатаагч, эвхэгч, багцлагч гээд маш олон хүний хяналт, үе шатыг дамжиж эцсийн байдлаар багцлагддаг.
Ингэж олон үе шат дамжихдаа бор, цагаан, толботой, хэрэглээнээс гаргах зэргээр нь ангилдаг. Нэг багцад хоёр даавуу, нэг дэрний уут, нэг алчуур байдаг. Манай зэхэлт бэлтгэлийн цех “Зорчигчийн вагон депо”-доо хамгийн том хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг.
24 цагийн турш 4 ээлжээр тасралтгүй ажиллана. Энэ олон хүний сэтгэл зүрхээ зориулан хийдэг ажлыг хэн нэгэн хүний фэйсбүүкт бичсэн постоор шууд харлуулж байгаад харамсалтай байна. Аль болох бүх цагаан хэрэглэл, хөнжлөө шинэчилж, сайжруулаад явж байгаа" гэв.
Цагаан хэрэглэлийн цэвэрлэгээний өрөө
Цагаан хэрэглэлийн цэвэрлэгээ нь ялгалт, гар болон машин угаалга, сэгсрэх, индүүдэх, эвхэх, багцлах зэрэг олон үе шатыг дамжин зорчигчдод хүрдэг аж.
Ерөнхийдөө вагоноос ирсэн цагаан хэрэглэлийг толбоноос нь хамааран ялгана. Харин толботой даавуу, дэрний уут зэргийг гараар угаадаг бол толбогүйг нь угаах машинд 40 минут угаадаг байна. Үүний дараагаар хатаагчид 30 минут хатааж, индүүдлэгийн хэсэг, багцлах хэсгүүдэд шилжүүлнэ. Ингэснээр толботой, толбогүйгээс хамаарч нэг багцад 80-120 минут зарцуулдаг байна.
УБТЗ-ын угаалгын цех 24 цаг тасралтгүйгээр 4 ээлжээр ажилладаг. Ингэж ажиллахдаа нэг ээлж нь 3000-4000 ширхэг даавуу угаадаг аж. Цагаан хэрэглэл угаахдаа угаалгын нунтаг, цайруулагч, ариутгалын бодис ашигладаг гэдгийг ажилчид хэллээ.
Цагаан хэрэглэлийн багцлагч Б.Бадам “Өдөрт нэг ээлжийн эвхэгч гэхэд 800 багцын алчуур эвхдэг. Хэрэв угаалга болон бусад шатуудаар анзаарагдаагүй өнгөрсөн толботой алчуур байвал зохих дамжлага руу нь буцаадаг. Манай үйлчилгээ эцсийн байдлаар хэрэглэгчдэд очихын тулд бие биеэсээ хамааралтай дамжлагаар гардаг. Дахин угаалтад оруулдаг учир маш цэвэрхэн байдаг, итгэлтэй байж болно” хэмээлээ.
"Толбо болсон даавуунуудын ихэнх нь цус болон тосны толботой байдаг"
Цагаан хэрэглэлийн угаагч Э.Оюунтуяа “Толботой цагаан хэрэглэлийг гараар угаах зайлшгүй шаардлага гардаг. Өдөрт нэг угаагч 100 ширхэг даавуу, 100 ширхэг дэрний уут гараар угаадаг. Үүний хажуугаар толбо болсон хөшигнүүд угаадаг. Гараар угаахдаа цайруулагч бодис, толбо арилгагч бодис ашигладаг. Арилахгүй толбо болсон цагаан хэрэглэл ч бий. Тэднийг ашиглалтаас гаргадаг.
Толбо болсон даавуунуудын ихэнх нь цус болон тосны толботой байдаг. Мөн төрөл бүрийн ундаа, жимсний шүүсний толбо арилахад бэрх байдаг" гэдгийг хэллээ.
"Цагаан хэрэглэл бусад зүйлсээ цэвэрхэн хэрэглэхийг хүсэж байна"
Цагаан хэрэглэл хүлээн авагч Б.Үжин “Миний хувьд вагоноос ирсэн цагаан хэрэглэл, хөшиг зэргийг толботой, толбогүйгээр нь ялгадаг. Толботой хэрэглэлүүдийг гар угаалгад, толбогүйг нь машин угаалгад өгдөг. Ихэвчлэн цус, ундаа, шоколад, идэх юмны толбо болсон байдаг. Зорчигчид маань цагаан хэрэглэл бусад зүйлсээ цэвэрхэн хэрэглэхийг хүсэж байна” гэдгийг хэллээ.
Хэдийгээр галт тэргээр зорчигчид цагаан хэрэглэлийн төлбөрт 3300 төгрөг төлдөг ч нэг багцын цаана олон хүний сэтгэл, 24 цагийн хөдөлмөр шингэсэн байдаг гэдгийг ойлгож ганцхан удаа хэрэглээд хаях сэтгэлээр хандахгүй байгаасай гэдгийг УБТЗ-ын зэхэлт бэлтгэлийн цехийн ажилчид хүссэн юм.
Үргэлжлүүлэн галт тэрэгний зогсоол дээр галт тэрэг хүлээж байсан иргэдээс галт тэрэг доторх үйлчилгээ, цагаан хэрэглэл, хөнжил зэргийн ариун цэвэр шаардлага хангадаг эсэх талаарх байр суурийг сонслоо.
"Вагоны зардал нэг удаагийн хоолны мөнгөнөөс ч хямд "
Улаанбаатар-Эрдэнэт чиглэлийн зорчигч "Вагоны цагаан хэрэглэл, хөнжил зэргийг хоёр удаа л хэрэглэж үзсэн. Маш олон хүмүүс хэрэглэдэг гэхэд тун цэвэрхэн санагдсан. Орны бүтээлэг зарим зүйл нь нэлээд хуучирсан нь үнэн. Гэхдээ бохир биш. Тэгээд ч вагоны үнэ хямдхан шүү дээ. Замын зардал нь нэг удаагийн хоолны мөнгөнөөс ч хямд. Ийм нөхцөлд орны бүтээлэг, хөнжлийг үргэлж шинэчлээд байх боломжгүй гэж бодож байна" гэв.
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигч "Манай төмөр зам үнэ хямд, үйлчилгээ ч давгүй байдаг. Олон ч жил төмөр замын тээврээрээ үйлчлүүлж байна. Дээр үеийн бүтээлэг харагддаг ч хиртэй даавуу, бүтээлэг таарч байсангүй. Бүдэг толбо болсон цагаан хэрэглэл таарч байсан гэхдээ угаасан байсан" гэдгийг хэллээ.
Зарим хүмүүс харлуулж, өндөр шаардлага нэхдэг ч галт тэргээр зорчигчдын дийлэнх нь доторх үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг талаар албаныхан хэлсэн юм. Хамгийн хямд, найдвартай тээврийн хэрэгсэл учир байнгын ачаалалтай байдаг аж. Нөгөөтээгүүр үйлчилгээ үзүүлж буйн хувьд зорчигчдод очих бүтээгдэхүүн цэвэр, шаардлагад нийцсэн байх ёстой гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.