Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн БОЭТ-ийн 103 яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд амиа егүүтгэсэн байдалтай олдсон талаар бид мэдээлсэн. Уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд энэ асуудлаар БОЭТ-ийн халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга Б.Одхүүгээс тодрууллаа.
-Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн тусгаарлах байранд өөрийгөө егүүтгэсэн байдалтай амиа алдсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ сарын 16-ны 10.30 цагт Яаралтай түргэн тусламжийн төвд тарваган тахлаар өвдсөн байж болзошгүй иргэн ирсэн. Дотрын эмч нар үзлэг хийж, өөрөөс нь асуумж авсан. Тухайн иргэнээс тарваганы мах идсэн эсэх талаар асуухад "Үгүй" гэж хэлсэн. Тиймээс мэс заслын эмчийг дуудаж үзүүлсэн. Мэс заслын эмч мөн асуухад "Үгүй" гэж хэлсэн. Харин 103-т авч ирсэн эгч нь "Хөдөөнөөс саяхан ирсэн. Тарваганы мах идсэн" гэдгийг хэлсэн. Улмаар эмч нар түүнийг тусгаарлах өрөөнд тусгаарласан.
-Үзлэгээр ямар шинж тэмдэг илэрсэн бэ?
-Эмч нарын өвчтөнүүдийг ногоон, шар, улаан гэж эрэмбэлдэг. Тухайн үед үзлэгээр ногоон эрэмбэ гэж тогтоогдсон. Халуун нь 37.2 байсан. Иргэнд давхар, давхар үзлэг хийсэн. Өвчтөний хавьтлыг дахин тодорхойлсон. Улмаар 103 Яаралтай тусламжийн төвд яаралтай арга хэмжээ авч, хөл хорио тогтоосон. Хавьтал болсон эмч, сувилагч, ажилтныг яаралтай тусгаарлах арга хэмжээ авсан.
-Өвчтөн тусгаарлах өрөөнд амиа егүүтгэсэн гэх мэдээллийн талаар тодруулбал?
-Албан ёсоор орж хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Юутай ч эмч нар тухайн иргэнийг амиа егүүтгэсэн гэх мэдээллийг өгсөн. Энэ дагуу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
-Өвчтөн амиа хорлочихлоо. Эмч ажилтны хяналт сул байсан гэсэн үг үү?
-Тухайн иргэнийг тусгаарласны дараа Зооноз өвчин судлалын төв рүү дуудлага өгсөн. Зооноз өвчин судлалын төв ирж, тухайн иргэнээс шинжилгээ авч, асуумж авах ажиллагаа хийгдсэн. Шинжилгээ хийгдсэний дараа эмчилгээний багийн эмч нар гарсан. Гэтэл тухайн иргэн амиа хорлосон байсан.
-Шинжилгээгээр тарваган тахлаар өвчилсөн гэж гарсан уу. Шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?
-Эерэг гарсан. Эерэг гарсан учир Зооноз өвчин судлалын төвөөс эмч нарыг тусгаарлаж, хяналтад авсан.
Сануулахад, Энэ сарын 15-нд Ховд аймгийн “Мөст сум”-ын “Улаан хүрээ” гэх газраас иргэн … хавхаар тарвага агнаж, улмаар махыг нь чанаж идсэн байна. Үүний дараагаар иргэн … нь бөөлжиж халуурч, гүйлгэж эхэлжээ. Харин маргааш нь буюу энэ сарын 16-ны өдөр иргэн … нь Мөст сумын төвөөс замын унаанд дайгдаж, Ховд аймгийн төвд ирээд өнөөдөр БОЭТ-ийн 103 төвд ирж үзүүлсэн байна. Тухайн иргэн нь тарваганы мах идсэний улмаас халуурч бөөлжсөн тул БОЭТ аймгийн “Зооноз өвчин судлал”-ын төв рүү дуудлага өгч сорьцын шинжилгээ хийлгэхэд түргэвчилсэн тестээр булчирхайн шүүрдэснээс эерэг заасан байна. Харамсалтай нь үүний дараагаар иргэн … нь БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гуталныхаа үдээсээр амиа егүүтгэсэн байдалтай олдсон билээ.