Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарын хамт олон нийтэд хандан мэдээлэл хийж байна.
Тэрбээр эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар танилцуулж байгаа юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх багц арга хэмжээний хоёр тогтоол гарлаа.
- 0-18 насны хүүхэд бүрт дөрөвдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01 хүртэл сар бүр 100 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг өгөхөөр боллоо. Дөрөвдүгээр сард хүүхэд бүрд 30 мянган төгрөг шилжсэн байна. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг нөхөж олгоно. Үүнд 547,2 тэрбум төгрөг зарцуулагдана.
- Бага орлоготой өрхийн иргэдэд сард 16 мянган төгрөгийн хүнсний талон авдаг. Үүнийг хоёр дахин буюу 32 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байна. Тавдугаар сарын 01-нээс олгож эхэлнэ. Насанд хүрсэн 112 мянган иргэд үүнд хамрагдана бий. Хүүхдэд олгодог хүнсний талоныг мөн хоёр дахин нэмэгдүүлж 16 мянган төгрөг болголоо.
- Өндөр настны тэтгэмж болгож 288 мянган төгрөг олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог 188 мянгыг 100 мянгаар нэмэгдүүлж 288 мянган төгрөг болгов. Тэжээгчээ алдсан хүүхдүүдэд 288 мянган төгрөг олгоно. Өрх толгойлсон эцэг эхчүүдэд 288 мянган төгрөг олгоно. Эдгээрт 31 тэрбум төгрөг гаргана.
- Малчдад ноолуурын урамшуулал болгож кг тутамд нь 20 мянган төгрөг олгоно.
Ийм дөрвөн багц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 793.6 тэрбум төгрөг зарцуулна гэв.
У.БИЛГҮҮН