Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааны мэдээллийг цахимаар авах боломж бүрдүүлжээ.
Хэрэв та зөрчил гарган өөрийн тээврийн хэрэгслийг ачиж журамлуулсан тохиолдолд Smartcar системд нэвтрэн орж тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхтэй холбоотой доорхи мэдээллийг харах боломжтой юм.
- Шийдвэрийн төрөл
- Ачиж журамлах зөвшөөрөл олгосон цагдаагийн албан хаагчийн нэр
- Зөрчлийн заалт
- Ачилт хийсэн байршил
- Ачиж журамлах аж ахуйн нэгжийн мэдээлэл
- Ачиж журамлах машины мэдээлэл
- Шилжүүлэх түр саатуулах байрны байршил
- Шилжсэн огноо
- Ачилт хийгдэх үед баримт болгон авсан тээврийн хэрэгслийн зураг зэрэг багтана.
Цахимаар үзүүлдэг үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлснээр иргэд, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд ачиж журамлахтай холбоотой мэдээллийг ил тод нээлттэй авах боломж бүрдэж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ГАЗАР