Өнөөдөр ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын "Хэвлэл мэдээллийн төв"-ийн дарга Б.Баатархүү сүүлийн үед гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх хэд хэдэн асуудалд тайлбар өгсөн юм.
Дөрөвдүгээр сарын 24-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 39 настай иргэн алга болсон. Уг дуудлагын дагуу ЦЕГ-аас шуурхай, эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад тухайн иргэн гэртээ архидан согтуурч, танхайрсан тул ууган хүү нь амь насыг нь хохироож, нуусан байсан нь тогтоогдсон. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Хоёрдугаарт, өчигдөр “Босоо хөх монгол” ТББ-ын гишүүн хутгалуулсан тухай мэдээлэл цахим сүлжээгээр тарсан. Үүний дагуу Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгалт хийж байна. Тодруулбал, 5-р сарын 4-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 7-р багийн нутаг дэвсгэрт иргэн А бусдад хутгалуулсан гэсэн дуудлага ирсэн байна. Уг хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахад мөн л архи, согтууруулах ундаанаас үүдсэн маргаанаас болсон нь тогтоогдсон. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Мөн Цагдаагийн хурандаа Ч.Чинбат болон Зариг.мн сайтын сэтгүүлчтэй холбоотой асуудалд мэдээлэл өгье. Энэ хэргийг Цагдаагийн дотоод хяналт шалгалтын албанаас шалгахад цагдаагийн хурандаа сэтгүүлчийн биед халдсан нь тогтоогдоогүй. Тухайн үед Зариг.мн сайт дээр зөрчлийн хэрэг нээгдээд шалгах явцад сэтгүүлч хэргийг нь хариуцсан мөрдөгчтэй уулзахгүй, тус хэлтсийн даргын өрөөнд орж, улмаар хэрүүл маргаан өдөж, ажлыг нь тасалдуулсан байна. Тиймээс Цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлчийг өрөөнөөсөө гарахыг шаардахад тэрээр удаа дараа шаардлагыг хүлээж аваагүйн дээр, хаалганаас нь зуурч гарахгүй байсан тул хуульд заагдсан эрх хэмжээнийхээ хүрээнд албадлага хэрэглэн гаргасан байна. Уг үйл ажиллагаанд ямар нэг хууль тогтоомж зөрчсөн зүйл тогтоогдоогүй. Ялангуяа сэтгүүлчийн биед халдсан, зодсон, цохисон асуудал гараагүй нь шалгалтын явцад батлагдсан.
Мөн тэрээр сүүлийн өдрүүдэд гарсан гэмт хэрэг, зөрчил бүгд архидан согтуурснаас үүдэж байгаа тул иргэдийг согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг уриаллаа.