E-Mongolia дээр нэмэгдсэн үндэсний цахим шуудан функцын ач холбогдлын талаар ЦХХЯ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнэ тайлбарлалаа. Тэрбээр,
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу төрийн болон бусад байгууллагууд иргэдийн дата, мэдээллийг зөвшөөрөлгүй харсан тохиолдолд иргэдэд мэдээллэж буй хэлбэр юм. Ингэснээр иргэд датагаа хамгаалах эрхтэй болж байна. Хэрвээ таны үйлчлүүлж, зөвшөөрөл өгөөгүй байгууллага харсан тохиолдолд иргэд гомдол гаргаж, тухайн харсан этгээдээс тайлбар авах боломжтой.
- Иргэд санал гомдлоо төрийн байгууллагад хүргэхэд бичгээр, биеэр очиж эсвэл утас руу залгах шаардлага үүсдэг. Эдгээр хэлбэрүүд нь ихэвчлэн иргэдээс их цаг авдаг, зарим тохиолдолд маш хүнд сурталтай. Тиймээс Үндэсний цахим шуудангаар та төрийн байгууллага, албан тушаалтан руу и-мейлээр гомдол, санал, хүсэлтээ гаргах боломжтой.
- Ялангуяа гадаадад байгаа иргэд цахим шууданг ашиглаж гомдол, саналаа илгээх боломжтой. Цаашдаа гадаадад байгаа иргэдэд тодорхой төрийн үйлчилгээг цахим шуудангаар дамжуулж хүргэхээр ажиллаж байна.
- Мөн төрийн бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл авах боломжтой. Монгол улсын урт хугацааны бодлогын баримт бичиг 2050-ийг бид товчлон үндэсний цахим шуудангаар хүргэж эхэлсэн гэжээ.