Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлыг мөрдөн шалгаж, эрүүгийн 3 хэрэгт нийт 85 иргэн, 6 хуулийн этгээдийг тус тус яллагдагчаар татсан байна. Эрүүгийн 3 хэрэг шалгагдаж үндсэндээ дуусах шатандаа оржээ. Зээлийн эргэн төлөлттэй холбогдуулан нуугдмал хөрөнгийг илрүүлэх чиглэлд АТГ идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.
Шаардлагатай хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг олж битүүмжлэн хамгаалах арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны 9 блок барилга юм. АТГ-аас явуулсан шуурхай ажиллагааны үр дүнд дээрх барилгыг Хөгжлийн банк өөрийн эзэмшилдээ авснаар 86.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлэх боломж бүрдлээ. Ингэснээр 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 634.6 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөд байна.