Цар тахлын үед гамшигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд архи согтууруулах ундааг 22 цагаас хойш борлуулахыг хориглож, хязгаар тогтоогоод байсан билээ. Харин Нийслэлийн засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар тусгай зөвшөөрөлтэй баар, ресторан, караокег нээж, согтууруулах ундаагаар үйлчлэх цагийг 00 цаг хүртэл сунгасан. Тэгвэл энэ шийдвэрээс хойш нийслэлийн хэмжээнд архидан согтууралт, гэмт хэрэг хэргийн тоо хэрхэн нэмэгдсэн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзулаас тодруулсан юм.
Архи, согтууруулах ундааны хэрэглээ нь хүчирхийлэл, гэмт хэргийн гол шалтгаан болж буй нь сүүлийн хэд хоногийн тоон мэдээллээс харагдаж байна.
Архи, согтууруулах ундаа борлуулах хугацааг сунгасан амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага өмнөх амралтын өдрийнхөөс 2 дахин нэмэгдсэн
Дөрөвдүгээр сарын 24,25-ны бямба ням гарагуудад нийслэлийн нутаг дэвсгэрт хоногт дунджаар 755 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл ирж байжээ. Харин архи, согтууруулах ундаагаар үйлчлэх хугацааг сунгаснаас хойш тавдугаар сарын 2,3-ны бямба, ням гарагуудад дуудлага 1502 болж 2 дахин нэмэгдсэн байна.
Тавдугаар сарын 1-ний өдөр нийт 802 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ирж байсан бол согтууруулах ундаа борлуулах хугацааг сунгасан тавдугаар сарын 2-ны өдрөөс 1173 болж нэмэгджээ. Тэдгээрээс 1-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 78 байсан бол, маргааш нь 125 болж нэмэгдсэн байна. Мөн 1-нд 207 хүн эрүүлжүүлэгдсэн бол, баар, цэнгээний газруудыг нээсэн 2-ны өдөр 400 гаруй хүн эрүүлжүүлэгджээ.
-Цагдаагийн алба хаагчдад эсэргүүцэл үзүүлж, биед нь халдсан этгээдүүд 6 сараас-3 жил хоригдох эрүүгийн хуультай-
Баар, цэнгээний газрын үйл ажиллагааг нээсэн орой цагдаагийн алба хаагчид үүргийнхээ дагуу хяналт тавин ажиллажээ. Энэ явцад гудамжинд зөвшөөрөлгүй согтууруулах ундаа хэрэглэж байсан этгээдүүд цагдаагийн алба хаагчдын шаардлагыг эсэргүүцэн, олноороо нийлж цагдаа нар луу дайрсан хэрэг гарсан байна. Уг хэрэгт Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Б.Алтанзул дэд хурандаа хэллээ.
"Цэнгээний газрыг нээсэн өдөр цагдаагийн алба хаагчид үүргийнхээ дагуу хяналт тавьж ажилласан. Энэ үеэр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3-4 этгээд гудамжинд зохих зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаа хэрэглэж байхтай таарч, цагдаагийн алба хаагчид хууль ёсны шаардлага тавин, хоёрыг нь барихад бусад нь зугтсан байна. Ингээд тус хоёр этгээдийг баривчлаад явж байтал зугтсан этгээдүүд хүмүүс нэмж авчран, олноороо цагдаагийн алба хаагчид руу дайрсан, халдлага үйлдсэн тохиолдол гарсан. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1-т “Хууль сахиулагчийн албан ёсны үйл ажиллагааг эсэргүүцсэн” гэх заалтын дагуу үүргээ гүйцэтгэж явсан алба хаагчид хүч хэрэглэж, заналхийлсэн бол 2,7-14 сая төгрөгөөр торгож, 6-3 жилийн хугацаатайгаар зорчих эрхийг нь хязгаарладаг. Эсвэл 6 сараас 3 жил хүртэл хорих ялаар шийтгэх эрүүгийн хуулийн заалттай" хэмээн Б.Алтанзул хэлсэн юм.
Мөн Нийслэлийн засаг даргын зүгээс уг хэргийг үйлдсэн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн байна.