Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.05.04/ Улсын онцгой комисс (УОК) болон Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны гишүүдтэй цаг үеийн асуудлаар уулзаж, ярилцлаа.
Гадаадад байгаа иргэдийн асуудлаар:
Коронавируст цар тахлын үед гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл улам хүндэрч, амьжиргаа нь тасалдахад хүрсэн тул хүсэлт гаргасан иргэдийг эх оронд нь авчрах ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.
Тухайлбал, Энэтхэг улсад байгаа монгол иргэд коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй, наад захын хүнсний хомсдолтой тулгарч байгаа тул Энэтхэгээс иргэдээ татах, ингэхдээ “МИАТ” компани тус улс руу нислэг үйлдэх боломжгүйг харгалзан үзэж, Энэтхэгийн компаниар нислэг хийлгэх боломжийг судалж, шийдвэрлэх чиглэлийг УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өглөө.
Энэ маягаар шууд нислэг үйлддэггүй улс орнуудаас иргэдээ татах боломж бүрдвэл олон улсын нислэг үйлдэх боломжтой орон нутгийн байр, боловсон хүчнийг ашиглан ачааллыг хуваарилах санал гаргасныг УОК-ын гишүүд хэрэгжүүлж боломжтой гэсэн бөгөөд энэ чиглэлд анхаарч ажиллахаар боллоо.
Мөн уулзалтаар төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинд тохирсон орон сууцны зээлийн бодлого гаргах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, түүний хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхиийлөгч Х.Баттулга цар тахалтай холбогдуулан боловсруулж, баталсан нэг удаагийн хуульд хүргүүлсэн саналдаа энэ асуудлыг тусгасан бөгөөд хэрэгжилтийг түргэн шуурхай хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов.