БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон захирлын гаргасан ёс зүйгүй үйлдэлтэй холбогдуулан өнгөрөгч долоо хоногт БШУ-ны сайд Л.Энх-Амгалан түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан. Ингэхдээ захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Удирдах зөвлөлөөр оруулж, ОХУ-ын талд хандана гэдгээ мэдэгдээд байв. Харин үүний дараахан ОХУ-ын Элчин сайдын яамнаас Ж.Соронзонг чөлөөлөх асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлдээ Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх буюу боловсон хүчний асуудал хэлэлцэх зохимжтой цаг нь биш хэмээн тодотгосонд олон нийт бухимдалтай хандаж буй.
Түүнчлэн мэдэгдэлд "Сургуулийн хувь заяаг шийдвэрлэхдээ аль аль тал нь ихэд бодлоготой хандах хэрэгтэйг сануулж байгаа ба ингэснээрээ бид бүгд Монгол Улсын эрх ашгийг хамтын хүчээр ханган хамгаалах юм.
Оросын төрийн өмч (сургуулийн барилга болон ажилтнуудын орон сууцны барилга)-ийн үндсэн дээр байгуулагдсан бөгөөд Оросын боловсролын стандартын дагуу орос хэл дээр хичээлүүдээ заадаг тус сургуулийг үүсгэн байгуулагч нэг талын хувьд Оросын тал нь хэрэв үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол захирлыг солих асуудлыг шийдвэрлэхэд үүсгэн байгуулагч Монголын талтай адил эрхтэй хамтран оролцох нь дамжиггүй гэдгийг ташрамд сануулъя" гэжээ.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбогдуулан ОХУ-ын ЭСЯ мэдэгдэл гаргах нь хэр зүйд нийцсэн асуудал эсэх дээр БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Орос сургуулийн захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Монгол Улс бол туурга тусгаар улс. Аль ч улсын Элчин сайдын яам МУ-ын ЗГ-ын, БШУ-ны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэх болчимгүй мэдэгдлийг аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй үйлдэл. Энэ асуудал дээр удахгүй ГХЯ-наас ноот бичиг гаргах байх гэж бодож байна" гэлээ.
Ташрамд дурдахад, өмнө ОХУ-ын ЭСЯ-наас АН-тай холбоотой гаргасан мэдэгдэл ч олон нийтийн дургүйцлийг төрүүлж, АН албан ёсны мэдэээл хийж байсан. Ингэхдээ тус ЭСЯ өөрийн цахим хуудаснаа "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн постыг нийтэлж байв.
АН уг мэдэгдлийг бүхэлд нь Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон явдал хэмээн үзэж байгаа тул намын гишүүдээс уучлал гуйж, тайлбар хийхийг шаардаж байсан удаатай. Харин эл асуудалд ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон, Венийн конвенцыг зөрчсөн гэдгийг үгүйсгэсэн тайлбарыг тухайн үед орос хэл дээр нийтэлсэн байдаг. Гадаад харилцааны яам ноот бичиг илгээнэ хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан гаргасан мэдэгдэлд ГХЯ ноот бичиг гаргах уу гэдэг ч асуулт болон үлдэж байна.