Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.
Энэ дагуу НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлага, НИТХ-ын төлөөлөгчид хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ. Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү 5 настай Ишдоржийн даахь сэвлэгийг 1639 онд үргээн, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордон байгуулсан түүхтэй. Тус ордныг байгуулсан нь одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг бөгөөд 1999 онд гэрэлт хөшөө босгон, намар бүр хүндэтгэл илэрхийлдэг аж.
Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Д.Доржсүрэн “Түүхчид нийслэлийн анхны шавыг Бүрд сумын төвөөс хойш 27 километрт Их Монгол уулын зүүн урд хормойд тавьсан гэж үздэг. Тиймээс НИТХ, НЗДТГ-аас жил бүр хүндэтгэл илэрхийлэн тахидаг. Ширээт цагаан нуур орчмыг байгалийн онгон дагшин байдлаар нь хадгалан хамгаалж байгаа. Нийслэлийн анхны шавыг манай аймгийн нутагт тавьсан гэдэг утгаараа иргэд маань хүндэтгэн бахархдаг” гэв.
Хүндэтгэлийн ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, лам, хуврагууд ном айлдсаныг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.