Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарган ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэл Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр хангах нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн чанартай, хэвийн ажиллагааг хангах ажлуудтай “Таван толгой түлш” ХХК-ийн баруун үйлдвэрт очиж танилцлаа.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "2023 онд эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч төсвийн дэмжлэг үзүүлэх бодлого барьж буй. Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарал хандуулж ойрын жилүүдэд тус салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийхээр төлөвлөж буйг онцоллоо.
Засгийн газар өнөө маргаашаа аргацаасан гал унтраах арга хэмжээнээс илүү хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хийх ажлаа арав арван жилээр төлөвлөж, түүнийхээ хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарна. Энэ нь хувийн хэвшлийнхэнд, хөрөнгө оруулагчдад дэмжлэг болно. Төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг байдлыг халахаар Засгийн газар зорьж байна. Тиймээс Эрчим хүчний яам ч энэ бодлогыг барьж ЭЗХЯ-тай хамтран томоохон төслүүдээ арван жилээр тодорхойлж гарга. Эрчим хүчний салбар манлайлж ажилла, Засгийн газар бодлогоор дэмжинэ" гэлээ.