Нийслэлийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын талаар хэлэлцлээ. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай танилцуулга мэдээллийг сонсож хэлэлцэв.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 550 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүн дээр он дамжин хийгдэж буй 183 төсөл, арга хэмжээ байгаа юм. Мөн орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвөөр эрх шилжиж ирсэн төсөл арга хэмжээтэй нийлээд зарласан худалдан авах ажиллагаанууд 42 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэрээ хийгдсэн 327 ажил байгаа бол, тендерийн материал хүлээн авч байгаа, зураг төсөв ажлын даалгаваргүй, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа шатандаа олон ажил явж байгааг төлөөлөгчид онцолж байлаа. Худалдан авах ажиллагаа амжилтгүй болсон цөөнгүй ажил байгааг задалбал, 26 төсөл арга хэмжээг 3 удаа зарлаад амжилтгүй болсон Мөн 4 удаа зарлаад амжилтгүй болсон 15 ажил, 5 удаа тендер зарлаад хэрэгжүүлэгч орж ирээгүй 11 байгаа юм. Мөн 12 удаа тендер зарласан боловч сонирхогч аж ахуйн нэгж орж ирээгүй 1 ажил байна. Бараа материалын үнийн өсөлт, хил гаалийн саатал, боловсон хүчний нөөцийн дутагдалтай зэрэг олон асуудал төлөвлөгөөт ажлуудыг саатуулж байгааг тэд мөн онцоллоо.
Түүнчлэн Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэлийн мэдэлд авч, ногоон байгууламжийн тохижилт хийнэ гэж НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар мэдээллээ.