Монгол Улсын 2023 оны төсвийг батлах хугацаа хаяанд иржээ. Үүнтэй холбогдуулан Төсвийн шууд захирагчийн 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар илэрсэн алдаа, зөрчлүүдийг эргэн сануулья.
Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын тайлангаас илэрсэн алдаа зөрчлүүдийг хүргэж байна.
Аудитаар нийт 4 тэрбум 726 сая төгрөгийн алдаа зөрчил илэрчээ.
"Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлээгүй байна"
2021 онд "Доншен газрын тос Монгол ХХК" нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс 864,830.30 ам.доллар буюу 2 тэрбум 463 мянган төгрөгийг дутуу төвлөрүүлжээ.
Энэ нь Төсвийн тухай хуулийн "төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, "Хуулийн дагуу улс орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх” гэж заасантай нийцэхгүй байна. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээний 8.1-т "Гэрээлэгч хуанлийн улирал бүрд борлуулсан Гэрээт тосны үнийн хэмжээний 7.5 хувьтай тэнцэх хэмжээний роялти төлнө", 8.3-т "Бүтээгдэхүүн хуваах" гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй, санхүүгийн тайлангийн эрх үүрэг ба үнэн зөв батламж мэдэгдлийг хангахгүй байгаа юм.
"Гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлээгүй"
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн ордод ашиглалт явуулахаар гэрээ байгуулсан нэр бүхий 11 байгууллагын 148 сая 240 мянган төгрөгийн төлбөрийг дутуу төлүүлсэн.
Энэ нь Төсвийн тухай хуулийн "төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх", "хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх" гэж заасантай нийцэхгүй байна. Мөн "Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх тухай гэрээ"-ний 2.2-т "Энэхүү гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1- т дурдсан хугацаанд төлөхөөр хуваарилсан төлбөрийг хавсралт 1-д заасан хугацаанд Төрийн сан банкны төгрөгийн 100900000722 тоот АМГТГ-ын Нөхөн төлбөрийн дансанд төлнө" гэж заасныг хэрэгжүүлээгүй, санхүүгийн тайлангийн эрх үүрэг ба үнэн зөв байдал батламж мэдэгдлийг хангахгүй байна.
"13 тэрбум орчим төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлэх ёстой ч үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлсэн ажлын үр дүн хангалтгүй"
Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу улсын төсөвт төвлөрүүлэх сургалтын урамшууллын болон төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийн орлого болох 4 тэрбум 632 сая төгрөг, мөн 2014-2015 онуудад Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу улсын төсөвт төвлөрүүлэх нэр бүхий 9 байгууллагаас авах авлагын 8 тэрбум 334 сая төгрөг, Томас эйр ХХК-д урьдчилан шилжүүлсэн нислэгийн зардлын 9 сая 858 мянган төгрөгийн авлагыг барагдуулахаар шүүхэд шилжүүлсэн боловч хэрэгжүүлсэн ажлын үр дүн хангалтгүй байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн "хуулийн дагуу улс, орон нутгийн төсөвт оруулах болон тухайн төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг бүрэн төвлөрүүлэх", "төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх", Засгийн газрын 2019 оны 178 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тосны бүртгэл, тооцооны журмын "Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэгийг гэрээт жил эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хэмжээгээр төлнө", "Сургалтын урамшууллыг гэрээт жил эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хэмжээгээр төлнө" гэж заасантай тус тус нийцэхгүй, санхүүгийн тайлангийн эрх ба үүрэг, тохиолдсон байх батламж мэдэгдлийн хангахгүй байна.
"Төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлээгүй"
Газрын тосны тухай хуулиар зөвшөөрөгдсөн, Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр бүрдүүлдэг "Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дэмжих орлого"-ыг төсөвт тусгаж батлуулаагүй 1 тэрбум 365 сая төгрөгийг зарцуулсан байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн ”төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх", "төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй, санхүүгийн тайлангийн эрх ба үүрэг, үнэн зөв байх батламж мэдэгдлийг хангахгүй байгаа юм.
"Өмнөх онд урьдчилан төлсөн хайгуулын 94 сая 404 мянган төгрөг, ашиглалтын 99 сая 208 мянган төгрөгийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилж орсон орлогоор бүртгэлд тусгаж тайлагнаагүй байна"
Энэ нь Төсвийн тухай хуулийн "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх", Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалаар баталсан зааврын "Ажил үйлчилгээг нийлүүлээгүй байхад хүлээн авсан орлогыг урьдчилж орсон орлого гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ" гэж заасантай нийцэхгүй, санхүүгийн тайлангийн үнэлгээ ба үнэн зөв байдал батламж мэдэгдлийг хангахгүй байна.
"Сонгон шалгаруулалтын орлого болох нэр бүхий 6 байгууллагын 9 сая 681 мянган төгрөгийн “Урьдчилж орсон орлого”-ыг байгууллагад төлөх өглөгөөр бүртгэсэн, мөн эзэн холбогдогч нь тодорхойгүй байна"
Энэ нь Төсвийн тухай хуулийн "санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх", Сангийн сайдын 2006 оны 388 дугаар тушаалаар баталсан зааврын "Ажил үйлчилгээг нийлүүлээгүй байхад хүлээн авсан орлогыг урьдчилж орсон орлого гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ" гэсэн заалттай нийцэхгүй, санхүүгийн тайлангийн үнэлгээ, үнэн зөв байдал батламж мэдэгдлийг хангахгүй байна.
"Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй"
Тайлант онд бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлаас "Газрын тосны тэргүүний ажилтан тэмдэг"-ийг хэвлүүлэхэд 9 сая 750 мянган төгрөгийг зарцуулсан
Энэ нь Төсвийн тухай хуулийн "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах", Засгийн газрын "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 43 дугаар тогтоолын "үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх ... " заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй, санхүүгийн тайлангийн үнэн зөв байдал батламж мэдэгдлийг хангахгүй байна.
"Шилэн дансны тухай хуулийн холбогдох заалтыг мөрдөж ажиллаагүй байна"
Шилэн дансны цахим хуудсанд нийт байршуулбал зохих 729 тэрбум 026 сая төгрөгийн 2096 мэдээллээс, 2063 мэдээллийг хугацаанд мэдээлсэн байна. Харин тушаал шийдвэртэй холбоотой 536 сая 073 сая төгрөгийн 33 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн байна.
Өмнөх оны санхүүгийн тайлангийн аудитаар Газрын тосны тухай хуулиар зөвшөөрөгдсөн, Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн дээр бүрдүүлдэг "Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дэмжих орлого"-ыг төсөвт тусган, батлуулж байх албан шаардлага хүргүүлснийг хэрэгжүүлээгүй байна.