Улаанбаатараас Бээжин чиглэлийн нислэгийн тийз 10-15 сая төгрөг байна гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан. Учир нь БНХАУ гадаадад сурдаг оюутнуудаа танхимаар хичээллүүлэхээр болсонтой холбогдуулан тус улсыг зорих иргэд, оюутны тоо нэмэгдэж буй. Гэвч нислэгийн тийз маш өндөр байна гэх мэдээлэл, шүүмжлэл хүчтэй явагдсан юм.
Харин уг асуудалд ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Өчигдөр оройноос сошиалаар эрчимтэй явж эхэлсэн тул мэдээлэл аваад шалгаж эхэлж байна" хэмээн мэдэгдсэн бол шалгалтын ажиллагаа дууссан байна.
Тэрбээр "МИАТ компанийн нислэгийн тийзний үнэ өссөн гэх нь ташаа мэдээлэл. Улаанбаатар Бээжингийн нислэг 2 саяас 10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу шалгалаа.
МИАТ компаниас тодруулга авахад, МИАТ компани сүүлийн 2 жилд Бээжин рүү нислэг үйлдээгүй байгаа бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй байгаа гэх мэдээлэл өглөө. Цахим орчинд явж байгаа мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайт руу орж шалгахад 8.587.200 төгрөгийн билет нь Улаанбаатар - Токио - Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр УБ-Токио ороход 1476900₮, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио - Бээжин нисэхэд 7110300₮-ийн үнэтэй байгаа юм байна.
Мөн МИАТ компанийн өгсөн мэдээллээр Монгол Улсаас Хятад улс руу 9 сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэх юм байна" гэжээ.