Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт улсын газар дээр шинээр баригдаж, ашиглалтад орсон 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг худалдах гэж байгаа талаарх зар мэдээллийг нэгэн иргэн цахим сүлжээндээ байршуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан тус цэцэрлэгийн барилга дээр үүссэн нөхцөл байдал болон бүртгүүлсэн хүүхдүүдийг цаашид хэрхэх талаар СХД-ийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээгээс тодрууллаа.
-Танай дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж ашиглалтад орсон 280 хүүхдийн цэцэрлэгийг улс худалдаж авахгүй байгаа тул хувийн хэвшлийн компани нь зарах гэж байгаа гэх мэдээлэл байна. Эл цэцэрлэг дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөхгүй юу?
-Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэгийг "Холч жинчин" гэх хувийн компани барьсан. Түүнийгээ улсад зарах саналыг тавьсан. Улс эл саналыг нь хүлээн авч, худалдаж авахаар тохирсон байдаг. Ингэхдээ мэргэжлийн байгууллагуудын зүгээс хийсэн магадлангийн үнэлгээгээр зах зээлийн үнэлгээ нь 4.6 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Иймээс тус 4.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Гэтэл тухайн компани нь 4.6 тэрбум төгрөгөөр бус 500 сая төгрөгөөр нэмэгдүүлж 5.1 тэрбум төгрөгөөр зарна гээд байгаа юм. 5.1 тэрбум нь үнэлгээгээрээ бодит байдлаас хальсан үнэ тул улс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Улмаар тухайн компани нь 5.1 тэрбум төгрөгөөр худалдаж авахгүй бол цэцэрлэгээ улсад биш өөр газарт зарна гэж шантааж маягийн зүйл сэдээд яваа гэж л харагдаж байна.
-240 биш 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг учраас үнэлгээ нь өндөрссөн юм биш үү?
-Өөрсдөө 280 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг гэж худлаа мэдээлэл тараагаад яваа юм. Үнэн хэрэгтээ, цэцэрлэг нь 240 хүүхдийн багтаамжтай. Улсын комиссийн акт эцсийн байдлаар гараагүй яваа барилга. Тиймээс 280 хүүхдийн цэцэрлэг гэдэг бол үндэслэлгүй, батлагдаагүй мэдээлэл. 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нь 10 бүлэгтэй байна гэсэн үг.
-Улсын төсөвт суулгачихдаа ямар байдлаар тусгаж, гэрээлсэн юм бэ?
-Улс энэ жил 4.6 тэрбум төгрөгийнх нь 920 сая төгрөгийг гаргаж өгөөд ирэх жилийн төсөвт үлдсэн мөнгийг нь суулгаж өгнө гэх байдлаар тайлбарласан. Гэтэл 500 сая төгрөгөөр нэмж зарах асуудал яриад буй юм.
-Одоогийн байдлаар хэчнээн хүүхэд тус цэцэрлэгт бүртгүүлсэн байгаа вэ?
-Багтаамжаар нь бодвол 400 орчим хүүхдийг бүртгээд байгаа. Тухайн цэцэрлэгийн хүчин чадал нь 240 хүүхдийн багтаамжтай буюу 10 бүлэгтэй, нэг бүлэгт 40 хүүхэд гэж тооцоолсон. Та бүхэн улсын цэцэрлэгүүд ямар ачаалалтай ажилладаг болохыг мэдэж байгаа байх.
-Хичээлийн шинэ жил эхэлчихсэн байдаг. Гэтэл төр, хувийн хэвшил ойлголцохгүй байгаа байдалд хүүхдүүд хохирогч нь болох юм биш үү. Тус цэцэрлэг дээр хуваарилагдсан, хэдийнэ бүртгүүлчихсэн байгаа хүүхдүүдээ цаашид хэрхэх юм бэ?
-Хүүхдүүдийн элсэлт тал дээр тодорхой зохицуулалтуудыг хийнэ. Ингэхдээ тухайн хороо, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн бусад цэцэрлэгүүдэд хуваарилах, хувьсах зардлыг нь өгөх байдлаар зохицуулалт хийж ажиллана.
-Эцэг, эхчүүдийн мэдээлж буйгаар есдүгээр сарын 20-ноос үйл ажиллагаагаа явуулж эхлэх төлөвлөгөөтэй байсан гэсэн?
-Анх гэрээ, контракт байгуулахдаа есдүгээр сарын 20-ноос үйл ажиллагаагаа явуулахаар болсон байсан. Гэвч гэнэтхэн л 500 сая төгрөг нэмж авна гэх байдлаар асуудал үүсгэж эхэлсэн. Хуулийнхаа дагуу холбогдох гэрээ контракт тал дээр тухайн компани нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай холбоотой ажиллана шүү дээ.
-Цэцэрлэгийг барьсан компани нь 500 сая төгрөгөөр нэмж худалдахтай холбоотой асуудлыг хэзээнээс үүсгэж эхэлсэн бэ?
-Асуудал саяхнаас л эхэлсэн. "Холч жинчин" гэх компанийн хувьд барьсан цэцэрлэгийнхээ үнэлгээг өөрсдөө мэдэж байгаа. Гэтэл энэ долоо хоногийн Даваа гарагаас буюу хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд 500 сая төгрөг нэмж авна гэх байдлаар маргаан үүсгээд буй юм. 500 сая төгрөг нэмнэ гэдэг ч өөрөө бодитой бус үнэлгээ. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан үнэлгээгээр 4.1 тэрбум гэж гарсан. Гэхдээ улс хувийн хэвшлийн аж, ахуйн нэгж байгууллагыг хохироож болохгүй гэдэг байдлаар 4.6 тэрбум төгрөгөөр худалдан авахаар болсон байсан. Гэтэл одоо болохоор 5.1 тэрбумаар зарна гээд яваа. Өөрөөр хэлбэл, үнэхээр 280 хүүхдийн цэцэрлэг байлаа ч 40 хүүхдийн суудлыг 500 сая төгрөгөөр үнэлээд яваа хэрэг шүү дээ.
-Улсын газар дээр барилга барьчихаад хувийн хэвшил түүнийгээ худалдах гэж байна гэдэгт олон нийт бухимдаж байна. Газар нь улсынх гэдэг үнэн үү?
-Газар нь Нийслэлийн Боловсролын газрын буюу улсын газар. "Рич Гоу буйлдинг" гэх компанийн авсан Концессын гэрээгээг "Холч жинчин" гэх компани худалдан авч, барилгын ажлыг дуусгасан юм билээ. Түүнээс биш улс тухайн компаниар цэцэрлэг бариулахаар захиалга өгөөд бариулсан хэрэг биш. Улсын газар дээр л дураараа цэцэрлэг барьж дууссаныхаа дараа худалдаж авах санал тавихад нь улс хэлэлцээд худалдаж авахаар болсон. Өөрөөр хэлбэл, анхнаас нь хувийн хэвшлийн компаниар бариулаад худалдаж авна гэх ямар ч гэрээ контракт хийгдээгүй.