Нийслэлийн ЗДТГ-аас шуурхай мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нээсэн. Гэвч цар тахлын халдварын үед урьдчилан сэргийлэх дэг, журмыг мөрдөхгүй үйл ажиллагаа эрхэлсэн "LUX", "ZU" баарны үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах болсон талаар мэдээллээ.
Дээрх баар, цэнгээний газрууд нь цагийн хуваарийг баримталж ажиллаагүйн дээр ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиагүй аж. Мөн олон хүний бөөгнөрөл үүсгэж, амны хаалтгүй үйлчлүүүлэгчид олон байсан, үймээн үүсгэсэн зэрэг зөрчил гаргасны улмаар Нийслэлийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газраас шийдвэрийг гаргасан гэж мэдээлэв.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш тавдугаар сарын 1-ний өдөр мэдээлэхдээ “Тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа нийслэлийн Засаг даргын А/590 дүгээр захирамжийн хүрээнд байнгын хяналт, шалгалт зохион байгуулж ажиллана. Өнөөдрийн байдлаар 33 чиглэлээр 17 мянган аж ахуйн нэгжид мэдэгдэл зөвлөмжийг хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах шаардлагатай гэдгийг сануулж байна.
Үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуйн нэгжүүд, ажлын байрныхаа цэвэрлэгээг хийсний дараагаар мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлтийг хийлгэх ёстой. Ажилтан болон үйлчлүүлэгч нарын халууныг хэмжиж, амны хаалтыг зүүхийг шаардаж дотоодын хяналт тавих шаардлагатай байна. Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа баар, караокенууд тэмдэглэлт үйл ажиллагааг явуулахыг хориглосон гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцэст нь халдвар хамгааллын заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл ахуйг дээд зэргээр сахих ёстой гэдгийг анхааруулж байна. Мөн караокенуудад агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийж, микрофонуудаа халдваргүйжүүлэх, хамгаалах хэрэгслийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай” гэж анхааруулж байсан билээ.
У.БИЛГҮҮН