Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ-нд аудитын шалгалтаар 21 тэрбум төгрөгийн АЛДАА, ЗӨРЧИЛ илэрчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 28 секунд

Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын дүнд үндэслэн дүгнэлт, зөвлөмж бүхий аудитын тайлан гаргана” гэж заасан байдаг. Энэ дагуу Байгаль орчин аялал жуучлалын яамны өнгөрсөн оны /2021 он/ санхүүгийн тайланд хийсэн аудитын тайлантай танилцлаа. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 21 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрчээ.

Залруулагдаагүй алдаа, зөрчлийн дүн 20 тэрбум 900 сая төгрөг болох нь тогтоогдсон. Үүнээс ерөнхий материаллаг байдал 888 сая төгрөгөөр хэтэрсэн тул Хязгаарлалттай дүгнэлт авчээ.

"Төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх" гэх хуулийн заалтыг зөрчжээ

Өмнөх онд үүссэн буюу он дамжсан 307 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй байна. Харин 2021 онд 69 сая төгрөгийн авлага үүссэн байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д "төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх" гэж заасныг зөрчсөн гэж үзэж болно. Ингэснээр 472 сая төгрөгийн зөрчил үүсэж байгаа юм.

"Хэрэгжиж дууссан төсөл, арга хэмжээний ажлын гэрээг дүгнээгүйгээс 8 тэрбум 500 сая төгрөгийн зөрчил үүсжээ"

Хэрэгжиж дууссан төсөл, арга хэмжээтэй холбоотой ажлын гэрээг дүгнээгүйгээс 8 тэрбум 500 сая төгрөгийн зардлын үлдэгдэл урьдчилгаа дансанд бүртгэлтэй байна.

"Аялал жуулчлалын хөгжлийн төвд шилжүүлсэн 366 сая төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийн үлдэгдэл бүртгэлтэй байна"

Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй холбоотой 366 сая төгрөгийн ажил хийгдэж мөнгийг шилжүүлсэн байна. Гэвч 2019 оноос хойш энэхүү 366 сая төгрөг нь урьдчилж гарсан зардал дансанд бүртгэлтэй хэвээр байна.

Хэрэгжиж дууссан төсөл, арга хэмжээний ажлын гэрээг дүгнэх, асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх шаардлагатай нь харагдаж байна.

"11 тэрбум 700 сая төгрөгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг ашиглагч байгууллагуудад шилжүүлээгүй"

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон 11 тэрбум 700 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж, эд хөрөнгийг ашиглагч байгууллагуудад шилжүүлээгүй зөрчил илэрчээ.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.7-д “хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах", Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 271 дүгээр тогтоолын 4.1.4-т "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд улсын төсвийн хөрөнгө оруулалт, зээл, тусламж, хандиваар бий болсон хөрөнгийг үндсэн хөрөнгийн дансанд бүртгэхэд үнэ өртөг, эзэмших хуулийн этгээд нь тодорхойгүй болон маргаантай тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тавьж шийдвэрлүүлнэ" гэж заасныг зөрчиж байна.

2021 оны санхүүгийн тайлангийн аудитаар БОАЖЯ нь шилэн дансны цахим хуудсанд байршуулбал зохих 151 мэдээллээс 13 мэдээллийг хугацаа хоцроож байршуулсан байна.

ТОХИРОО: АН-д 1-2 сайд өгч, Ерөнхийлөгчийн “дан дээл“-тэй сайдууд үлдэж, Ж.Сүхбаатарыг хот хариуцсан сайдад томилох ГАРГАЛГАА
ТОХИРОО: АН-д 1-2 сайд өгч, Ерөнхийлөгчийн “дан дээл“-тэй сайдууд үлдэж, Ж.Сүхбаатарыг хот хариуцсан сайдад томилох ГАРГАЛГАА
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.