“Үндэсний нэгдмэл эв эе”-ийг бодолцсон Засгийн газрын бүтэц оруулж ирэх гэж байгаагаа Ерөнхий сайд Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнд болгохтой холбоотой гэж тайлбарласан талаар эх сурвалж мэдээлсэн. Өнөөдөр 10 цагт хуралдах бүлгээс өмнө УЗ-ийг эрт хуралдуулахаар зарласан талаар бид өчигдөр орой мэдээлсэн. Тэгвэл УЗ-өөр асуудлыг эцэслэж чадвал, бүлгээр хэлэлцээд ЗГ-ын бүтцийн хуулиа УИХ-аар батлуулаад үдээс хойш сайдуудаа томилох төлөвтэй байна. Их сунжирлаа гэхэд маргааш шинэ ЗГ бүрдэнэ. Ковид, дайны үр нөлөөгөөр дэлхийн “дүрэм” бүхэлдээ өөрчлөгдөж удтал тогтсон дэг журам эвдэгдэв. Өнөөдрийг хүртэл бидэнд ирсэн гадны нөлөөллүүдийг тооцож, ирээдүйд ирж магадгүй тулгалтаас зугтахын тулд үндэстнээрээ эв нэгдэлтэй байх санаа уг нь зөв. Энэ өнцгөөс харвал Ерөнхий сайдыг зөвтгөж болох юм. Гэхдээ яг өнөөдрийн нүдээр харвал үүнээс илүү дампуу явдал гэж одоогоор алга.
Улс орны чухал төслийг чирээд явах нь байтугай урдах бүлгээ цэгцлэж чадахгүй байгаа АН-ын яг хэнд, юунд нь итгэх юм бэ. Үндэсний эв нэгдлийг хангах нь байтугай, арав хүрэхгүй хүнийхээ эв эеийг хангаж чадахгүй яваа улс шүү дээ. Өнөөдөр УЗ, намын бүлэг нь Ерөнхий сайдынхаа санааг эсэргүүцнэ гэж найдъя. Үнэндээ АН-ыг оруулж бантагнуулж байснаас 62 гишүүнээ бүгдийг нь сайд болгосон нь дээр.
Өдрөөс өдөрт буурсан АН-ын квот НЭГ сайд дээр л тогтвол их юм
За, ямар ч байсан одоогоор АН-д өгөх сайдын квот өдрөөс өдөрт буурсан муу мэдээтэй байна. Анх дөрвөн сайд авахаар тохирсон ч өөрсдөө тавыг нэхэж балайрсан тэдэнд эцсийн дүндээ Л.Оюун-Эрдэнэ 1-2 сайд л өгөх бололтой. Магадгүй өнөөдөр үдээс хойш гэхэд АН-ынхан нэг ч квотгүй болж дуусах биз. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга гурвын ярьсан эв эеийн Засгийн газар байгуулах санааг нь хүлээн зөвшөөрлөө гэхэд АН-ын хэнийг сайд болгох юм бэ гэдэг МАН-ынханы жинхэнэ “шүдний өвчин” болно. Гайгүй хүн тавъя гээд яаж ч шигшээд С.Одонтуяа, Б.Пүрэвдорж хоёроос өөр хүн олдохгүй. Ямар Д.Ганбат, Ш.Адьшаа хоёрыг оруулалтай нь биш.
Г.Сайханбаяр, Б.Батцэцэг, Ч.Номин тэргүүтэй ДӨРВӨН “дан дээл”-тэй сайд үлдэхээр яригдаж байгаа бөгөөд гишүүд 100 "давхар дээл" хүсэж байна
62 гишүүн нь бүх сайдуудаа “давхар дээл”-тэй байлгахаар Ерөнхий сайддаа тулгаж байгаа. Гэвч бие нь явчихаад сэтгэл нь явахгүй байгаа Ерөнхийлөгч, намын аппаратыг “базаж” байгаа Д.Амарбаясгалан генсек нар хүмүүсээ үлдээхээр зүтгэж байгаа талаар саарал ордонд шивнэлдэж байна. Тиймээс Ерөнхий сайд бүгдийг нь давхарлах уу, намынхаа эв нэгдлийг бодож “алаг” Засгийн газар байгуулах уу гэдгээ шийднэ. Эцсийн дүндээ бараг “дан дээл”-тэй сайд дөрвийг үлдээх янзандаа орж байх шиг байна.
Үлдэх дөрвөн хүнийх нь тэргүүн эгнээнд Ерөнхийлөгчийн хүмүүс гэгддэг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёлын сайд Ч.Номингийн нэр дуулдав. Үлдсэн нэгийг нь Н.Тавинбэх, Б.Бат-Эрдэнэ хоёрын нэг байх биз.
Нэмж сануулахад, УИХ-ын гишүүд бол АН, МАН-гүй 100 дотроос тавъя гэдэг дээр нэгдэж байгаа гэсэн шүү.
Хот хариуцсан сайдтай болвол Ж.Сүхбаатарыг хотын дарга зүтгүүлнэ
Сайд болох амбиц нь тулсан гишүүдийнхээ хүслийг биелүүлэхээр Ерөнхий сайд шинээр хоёр сайдын суудал гаргаж магадгүй аж. Хэмнэлтийн хуультай холбож дайрвал яамгүй гээд ам таглах байх. Тэр хоёр нь Тэргүүн шадар сайд, Хот хариуцсан сайдууд байх гэнэ. Хот хариуцсан сайдад генсекийн талынхан С.Амарсайханыг томилох бодолтой яваа сурагтай. Хэрэв ийм томилгоо болвол нийслэлд амьдрах хэрэг ч алга. Хотын намын төлөө ил тод дайсагнаж явдаг С.Амарсайханг хотын дарга Д.Сумъяабазарын өөдөөс шууд “зодолдуулчихвал” 2024 он хүртэл нийслэлд нэг ч ажил урагшлахгүй. Хотын даргынхаа хамаг ажил, бодлогыг засаг дээр нь нөгөөх нь унагасаар байгаад хот ч үгүй, нийслэлийн нам ч үгүй болно. Товчхондоо С.Амарсайханг Хот хариуцсан сайдаар томилчихвол нийслэлийн нам чинь нам биш там болно шүү.
Харин өөр нэг амьдралтай хувилбар сонсогдож байгаа нь Ж.Сүхбаатар. Д.Сумъяабазар талаас зүтгүүлж, Хуулийн сайдаар лоббидуулж байгаа “хотын” түр хорооны “хүн”. Хоёр сонгогдсон, хуульч гишүүд дундаа харьцангуй дэвшилтэд үзэлтэй дүрийг бүтээж буй Ж.Сүхбаатар хот хариуцсан сайдад яригдаж байна. Тэгээд ч энэ цаг үед Д.Сумъяабазар, Ерөнхий сайд хоёр нэг "завь" дээр сууж байгаа. Тиймээс энэ томилгоо хамгийн магадлал өндөртэй нь.
Жендерийн тэгш байдал, бүлэг фракциудын квотыг баримталж, хоёроос дээш сонгогдсон, байнгын хорооны дарга нарыг түрүүлж сайд болгоно
Дээр хэлсэнчлэн сайд болох гишүүдийн амбиц дийлдэхгүй байна. Тэр ч бүү хэл гишүүн биш нөхдүүдийн амбиц дийлдэхээ байчихлаа. Тиймээс Ерөнхий сайд эцэс төгсгөлгүй энэ “шунал”-ыг хязгаарлахын тулд Засгийн газар байгуулах дүрмээ хоёроос дээш удаа УИХ-д сонгогдсон, ядаж нэг удаа байнгын хороо даргалсан хүмүүсийг сайдад авч хэлэлцэнэ. Ингэхдээ байнгын хорооны дарга нарыг түрүүлж сайдад томилно гэжээ. Ингэж байж л хэл ам татлан байж байгуулсан Засгийн газрынх нь “бяр” жинхэнээсээ амтагдана.
Мөн нам доторх бүх бүлэг, фракциудаа энэ удаад гомдоохгүй байхаар төлөвлөсөн бөгөөд жендерийн тэгш байдлыг баримтлах аж. Ер нь хамгийн асуудалтай байгаа квот нь эмэгтэй гишүүдийн асуудал. Эрэмбэ дараа, өмнө нь сайдаар ажиллаж байсан гэдэг бичигдээгүй зарчмаа умартаж ширүүхэн юм болж буй сурагтай. “Дан дээл”-тэй хоёр эмэгтэй сайд нь үлдчихвэл УИХ-ын гишүүдээс 1-2 эмэгтэй нь л сайдаар явна. Бараг л нэг нь сайд болох болов уу даа. Сүүлийн хоёр Засгийн газрыг харахад У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар танхимдаа тус бүр 3 эмэгтэй сайд багтааж байжээ. Энэ жишгээс Ерөнхий сайд 3-4 эмэгтэй сайдын квотоо хадгалж үлдэх байх.
Харин энэ квотын төлөө хамгийн ланжгар хөөцөлдөж, "хурд хэтрүүлж" яваа хүнээр Д.Сарангэрэл гишүүн шалгарсан талаар сошиалоор нэг шуугьж байна. М.Оюунчимэгийн хувьд байнгын хорооны дарга, хоёр сонгогдсон гэдгээрээ мөн мөчөөгөө өгөхгүй, Соёлын сайдад яригдсан Г.Мөнхцэцэгийн хувьд “хоёр сонгогдсон” гэдэг “сайдын тодорхойлолт” нь арай жулдаж яваа сурагтай.
Ерөнхийлөгчид 5, генсект 5 сайдын квот өгч, Ерөнхий сайд үлдсэн 10 орчим сайдаа томилно
МАН-ынхан шинэ засагтаа сайдын тоо нэмэх талаар ярилцаж байгаа ч олон нийтийн шүүмжлэлээс бага зэрэг бэргэж байгаа. Нэмсэн, нэмээгүй хамаагүй Ерөнхийлөгчид сайдын тав, генсек Д.Амарбаясгаланд сайдын таван квот өгөхөөр тохирсон. Үлдсэн арав орчим сайдаа Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хүмүүсийг томилох тухай эх сурвалж мэдээлэв. УИХ-ын даргын саналыг сонсож байгаа ч мань хүн нөгөө хоёр шиг ээ квот авахаагүй гэнэ. Харин Ерөнхий сайд нөгөө хоёр даргадаа “Сайдад болго гэсэн хүн бүрийг сайд болгохгүй” гэдгээ хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, генсек хоёрт зөвхөн 5, 5 сайдын квотыг нь баттай өгөөд сайдад томилуулахаар санал болгосон хүн нь Ерөнхий сайдын шалгуурыг хангасан байх шаардлагатай гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.
Мөн Ерөнхий сайд гол яамдуудынхаа сайдыг өөрөө томилох юм байна.
Г.Лхагвадорж