Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу "Монголын аялал жуулчлалын сургалтын төв байгуулах, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төслийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Бүгд найрамдах Солонгос улсын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац /КТО/-тай хамтран хэрэгжүүлж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Арцатын задгайд “Аялал жуулчлалын салбарын мэргэжил, сургалт, үйлдвэрийн төв”-ийн барилгын ажил эхэллээ.
Тус сургалт үйлдвэрийн төвийн байгууламжийн бүтцийг дурдвал :
Уг барилга нь нийт 2 давхар, 2 блоктой бөгөөд орчны онцлог, авто зам болон явган зорчигчийн замтай уялдуулан барилгын дизайн тохижилтыг ногоон байгууламжтай холбогдож байхаар шийдсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, авто замыг стандартын дагуу төлөвлөжээ.
1-р давхарт 256 хүний суудалтай хурлын заал болон аудио өрөө, үзэсгэлэнгийн танхим, компьютерын танхим, зочид буудлын дадлагын танхим болон зочид буудлын дадлагын өрөө, хоол хийх сургалтын өрөө, гал тогоо, ажилчдын амрах өрөө, ариун цэврийн өрөө зэрэг нийт 1,208.63m2 ашигтай талбайтай
2-р давхарт хөдөө орон нутгаас ирсэн суралцагчид байрлах боломжтой нэг дор 9 хүн байрлах дотуур байр, угаалгын хэсэг болон шүршүүр, сургалтын танхим, мэргэжлийн орчуулгын өрөө, лавлагааны өрөө, сургалтын өрөө, захиргааны өрөө зэрэг нийт 879,27m2 ашигтай талбайтай.
Мөн сургалт үйлдвэрийн төвийн гадна талбайд жуулчны баазын дадлагын сургалт зохион байгуулах боломжтой 5 ханатай 4 цомцог гэрийг байршуулахаар төлөвлөсөн нь тус сургалт үйлдвэрийн төвийн суралцагчдад онол, дадлага хосолсон цогц хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн байна.
Энэхүү сургалтын төв байгуулагдсанаар Монголын аялал жуулчлалын салбар мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, үйлчилгээний хүртээмж, чанарын түвшин дээшилж аялал жуулчлалын салбар тогтвортой хөгжих нөхцөл бүрдэх юм.
Эх сурвалж : Бүгд найрамдах Солонгос улсын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац / Korea Tourism Organization