1072 хувьцааны ногдол ашгийг маргааш буюу тавдугаар сарын 1-ний өдрөөс олгож эхлэхээр болсон билээ. Үүнтэй холбоотой тодруулгыг 1072 хувьцаа мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос авлаа.
- Иргэд хувьцааны данс нээлгэхгүй байсан ч и-баримт аппликейшнаар ногдол ашгаа авч болно.
- И-Баримт уншуулдаггүй иргэд хувьцааны дансаар дамжуулан ногдол ашиг авна.
- 2012 оны 4 дүгээр сарын 11-ээс өмнө төрсөн иргэний бүртгэлд бүртгэгдсэн насанд хүрээгүй иргэд уг хувьцааг эзэмших эрхтэй.
4 сарын 27-нд мэдээлэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэсэн гэсэн. Харин одоогийн байдлаар хэдэн иргэн хувьцааны данс нээлгээгүй байна вэ?
Одоогийн байдлаар 500,000 мянга орчим хувьцаа эзэмшигчид данс нээлгээгүй байна.
Хувьцааны данс нээлгээгүй иргэдэд и баримт аппликейшнээр дамжуулан ногдол ашгийг олгоно гэж мэдээлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Иргэд хувьцааны данс нээлгэхгүй байсан ч 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадна гэсэн үг үү? Хувьцааны данс нээлгэхгүй байж болно гэсэн үг үү?
Тийм. Covid2-19, Корона вирусын нөхцөл байдлаас үүдэн, хөл хорио тогтоосон, олноор цугларахыг хориглосон энэ үед, иргэдэд чирэгдэл хүндрэлгүйгээр ногдол ашиг тараах бүх төрлийн аргуудыг ашиглан ажиллаж байна. Сангийн Яамны шийдвэрийн дагуу ногдол ашиг И-Баримтын дансанд орох боломжтой болсон. Иргэн ЭТТ аппликейшн, И-баримт аппликейшнээр дамжуулан санал асуулгын дагуу авах боломжтой. И-Баримт уншуулдаггүй иргэд хувьцааны дансаар дамжуулан ногдол ашиг авна.
Хувьцааны данстайгаа өөрийн байнга ашигладаг арилжааны банкны дансыг холбох ёстой. Гэтэл хувьцааны дансаа өөрийн байнга ашигладаг данстайгаа холбоогүй хүмүүс яаж холбох вэ? Тухайн үнэт цаасны компани нь хариу огт өгөхгүй байна гэнэ. Энэ тохиолдолд яах вэ?
Тухайн үнэт цаасны компанийн хаягаар очиж хэрэглээний банкны дансаа бүртгүүлэн баталгаажуулна.
Дахиад шинээр хувьцааны данс нээлгэж болох уу?
Болно. Иргэн 5 хүртэлх брокерт данс нээлгэх боломжтой. Заавал дахин нээлгэх шаардлага үүссэн тохиолдолд.
Хувьцааны данс шинээр яагаад нээлгэж болохгүй вэ?
Иргэн хувьцааны данстай бол заавал давхар данс нээлгэх шаардлагагүй. Өөрийн бүртгэлтэй брокер компаниараа дамжуулан ногдол ашиг авах боломжтой.
Хөдөө орон нутагт хичнээн үнэт цаасны компаниуд байна вэ? Тэд хангалттай үйлчилгээ үзүүлэх хэмжээнд байгаа юу?
Хөдөө орон нутагт 40 гаруй брокер компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэлтэй компаниудын салбар юм. Аймаг, сум бүрт хүрч ажиллах боломж хангалттай бус байгаа хэдий ч иргэд онлайнаар брокер компанийн үйл ажиллагааг авах бүх нөхцөл боломж бүрдсэн.
1072 хувьцааг арилжаалах боломж байгаа юу? Иргэдэд хувьцаа зарах, худалдан авах эрх бий юу?
Эрх хараахан үүсээгүй байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа дотоодын зах зээл дээр арилжаанд хараахан гараагүй байгаа тул одоогоор зарах, худалдан авах, өвлөх, бэлэглэх боломжгүй.
Насанд хүрээгүй иргэн, хүүхдүүд ямар шугамаар хувьцааны ногдол ашгийг авах вэ? Хэдэн оноос өмнө төрсөн хүүхдүүд авах боломжтой вэ?
2012 оны 4 дүгээр сарын 11-ээс өмнө төрсөн иргэний бүртгэлд бүртгэгдсэн насанд хүрээгүй иргэд уг хувьцааг эзэмших эрхтэй. Хүүхдийн 20,000 төгрөг авдаг дансаар дамжуулан олгогдох болсон.
Хувьцааны дансыг тодорхой заасан хугацаанд нээж байж ногдол ашгаа авах уу? Ногдол ашгаа авахын тулд тэднээс тэдний хооронд данс нээлгэх ёстой гэсэн зүйл байгаа юу?
Хугацаа заадаггүй. Дансгүй байсан ч хувьцаа, ногдол ашиг таны нэр дээр хадгалагддаг учир хүссэн үедээ хувьцааны данс нээлгэх боломжтой.
Нас барсан хүний хувьцааг өвлөж авч болох уу?
Дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаа эхлээгүй байгаа тул захиран зарцуулах эрхүүд мөн адил одоогоор үүсээгүй. Ийм учир арилжаанд гарсаны дараа тухайн иргэний хувьцаа, ногдол ашгийг ар гэрийхэн нь өвлөн авах боломж үүснэ.
Санхүүгийн зохицуулах хороогоор зөвшөөрөгдсөн хэчнээн үнэт цаасны компани байна вэ? Жагсаалт бүхий мэдээллийг нь хуваалцаж болох уу?
Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 54 үнэт цаасны компани ажиллаж байна. MSE.mn сайтаар нэвтэрч бүртгэлтэй брокерийн жагсаалт хэсгээс харах боломжтой.
Гадаадад амьдарч байгаа иргэд хэрхэн ногдол ашгаа авах вэ?
Монгол дахь банкны данстай бол онлайнаар хувьцааны дансаа нээлгэн тус банкны данстайгаа холбон авах боломжтой. Банкны дансгүй иргэд Монголд ирсэн үедээ авч болно.