Буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох саналаа Засгийн газрын хуралдаанд хүргүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өмнө мэдээлж байсан. Тэгвэл уг асуудлыг энэ сарын 20-доор НИТХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон тухайгаа Хотын дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар нар гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжилттэй танилцах үеэр Хотын дарга Д.Сумъяабазар уг асуудлыг энэ сарын 20-доор хэлэлцэнэ гэсэн юм.
Сануулахад, Хотын дарга Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах гэж буй талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахдаа "Буруу рультай машиныг хориглох эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Нийслэлийн зүгээс Хотын дарга санал оруулна. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай бол УИХ руу орно. Ганцхан буруу рультэй машин хориглоод түгжрэл буурахгүй. Цогцоор нь шийдэх асуудал. Түгжрэл яриад шууд түгжрэл буурахгүй. Хүрээлэн байгаа орчны асуудал байна. Манай хот стандартгүй явуулж ирсэн. Хот шийдвэрээ НИТХ-ын чуулганаар гаргана. Хүний өмчтэй холбоотой асуудал учир хугацаа өгнө" гэж байсан билээ.