Үндсэн хуулийн цэц Ардын намын “захиалга”-ыг биелүүлж, “давхар дээл”-ний асуудлыг нь шийдэж өгөх үү гэдэг асуултын хариулт өнөөдөр тодорхой болно. Хэрвээ таамаглаж байгаагийн дагуу эрх баригчдын хүслийг биелүүлчихвэл ҮХЦ гэх байгууллага институтийн хямрал, дампуурал руу эргэлт буцалтгүй орж, алсуураа Үндсэн хуулийн хямрал руу явна. Дунд суудлаа алгасаж Их суудлаа хуралдуулж буй уг үйлдэл нь асуудал хэдийнээ “хөшиг”-ний ард шийдэгдсэний дохио биз.
Дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй гэж тунхаглачихаад эрх барьж буй нам, эрх мэдэлтнүүдийн гар хөл болоод байвал хэн ҮХЦ-д итгэх юм. Хэн ҮХЦ-ээр асуудал шийдүүлэхийг хүсэх вэ. Улс төрөөс хараат байлаа, байлаа гэхэд өмнө нь өөрсдийнхөө шийдчихсэн байсан сонгуулийн тогтолцоо, “давхар дээл”-ний асуудлаар өнөөдөр таг эсрэг шийд гаргах нь үнэнд нийцэх үү. Үнэндээ өнгөрсөн жилээс хойш ҮХЦ эрх баригчдад арай дэндүү улаан, цагаан “үйлчилж” байна гэж олон нийт шүүмжилсээр байгаа. Эхлээд тэд Женког Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болгосон. Дараа нь сонгуулийн тогтолцоог шийдсэн. Одоо тэд “давхар дээл”-ийг нь шийдэх гэж байна. Энэ бүгд эрх баригчид өөрсдөө шууд хийж чадахгүй учраас Цэц рүү явуулж тэдний гараар “могой бариулж” буй асуудлууд. Тэгвэл Цэцийнхэн “даалгавар”-ыг нь биелүүлж буй цаад учир шалтгаан нь нэгдүгээрт томилсон хүнийхээ даалгаврыг биелүүлж, суудлаа хамгаалж үлдэх гэсэн санаа. Хоёрдугаарт, удахгүй тэтгэвэрт гарах даргынхаа суудлыг авахын тулд Цэцийн гишүүд эрх баригчдын хамаг балиар, заваан ажлыг нь хийж өгч буй нялуун зусардалт юм.
Тэдний энэ үйлдлийг порно фильмтэй зүйрлэвэл Ардын нам хамгийн балиар, заваан хардкор юмнуудаа Цэцээр хийлгэж байна.
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Ардын намынхан гишүүддээ “давхар дээл” өмсүүлэх гэж махаа “идлээ”. Уг нь өнгөрсөн өвөл Цэц уг гомдлыг хэлэлцэх байсан ч дан дээлтэй сайдуудын лобби бүлэг, Ерөнхийлөгчийн тавьсан чагтнаас болоод шийдэж чадаагүй. Ингээд Л.Оюун-Эрдэнэ “толгойтой” төв нам нь ҮХНӨ-ийг наадмын өмнө хүчээр эхлүүлэх гэсэн ч иргэд “давхар дээл”, гишүүдийн тоо хоёр дээр нь фокуслаж, гишүүдийн өөдөөс “салаавч” өгөөд буцаасан. Байдал ийнхүү бишидсэн тул МАН-ын дарга нар иргэдийн шүүмжлэл дор ҮХНӨ-ийг хүчээр явуулж байснаас “давхар дээл”-ийг Цэцээр шийдүүлж, “гал”-ыг өөрсдөөсөө зайлуулах тактик ашиглаж буй нь энэ. Ардын намынхан 2012-2016 онд “давхар дээл”-ээ тайлъя гээд баахан улс төр хийчихсэн. Тэгснээ өнөөдөр гишүүдийн тоог нэмээд, гишүүддээ “давхар дээл” нөмрүүлчихвэл сонгогчид боож үхнэ. Тиймээс тэд Н.Ганибал, Ш.Адьшаа гэсэн АН-ын хоёроор гомдол өгүүлж, Цэцийн Их суудлыг нь хуралдуулж шийдвэр гаргуулан “давхар дээл”-ний хүслээ биелүүлэхээр алгаа үрчиж сууна. Өөрөөр хэлбэл, намдаа муу нэр зүүлгэж байснаас Цэцийг золигт гаргая гэж МАН-ынхан үзжээ.
Хэрвээ өнөөдөр Дунд суудал нь хуралдсан бол нэгдүгээрт, УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах уу, үгүй гэдэг асуудал яригдана. 62 гишүүнтэй бүдүүн бүлэг нүдээ аниад Цэцийн дүгнэлтийг хүлээгээд автал, араас нь Ерөнхийлөгч хориг тавьж, улс төрийн тоглолт хийж мэднэ. Ингэвэл Л.Оюун-Эрдэнийн цэргүүд жинхэнээсээ нүд рүүгээ хуруугаа хийсэн үйлдэл болно. Ингэсэн тохиолдолд “гал”-ыг холдуулж Цэц рүү явуулсны хэрэг огт гарахгүй. Тиймээс “давхар дээл”-ний “гал” Г.Занданшатар тэргүүтэй УИХ руу, МАН руу эргэж ирэхгүйгээр Цэцийн саарал байрыг “шатаагаад” л дуусах учиртай.
Ингээд Их суудал нь 2019 оны ҮХНӨ-ийн “давхар дээл”-тэй холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргачихвал УИХ уг дүгнэлтэд нь тааруулж Үндсэн хуулиа засахаас өөр гарцгүй. Тэд хэвлэл, олон нийтийн амыг “Бид ҮХЦ-ийн шийдвэрийг биелүүлэхээс өөр гарцгүй” гэх марзан хариултаар хөнгөхөн таглаж орхино. Үр дүнд нь хоёр гүүрний цаана орших ҮХЦ гэдэг байгууллага институтийн хувьд утгаараа дампуурч, Л.Оюун-Эрдэнэ энэ 8-9 дүгээр сардаа багтааж Үндсэн хуулиа засаад, УИХ-ын гишүүдийг өргөн фронтоор багтаасан Засгийн газрын шинэ танхимаа байгуулах ажилдаа ханцуй шамлан орно. Олон нийт олон юм яривал Женкотой хийж буй “Хулгайч, цагдаа”-н үлгэрээ сайн шиг нэг сэвж өгөөд л бид “давхар дээл”, Цэцийн асуудлыг мартана даа.
Г.Лхагвадорж