Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харъяа хорих 423 дугаар ангид ял эдэлж байсан хоёр ялтан оргосон талаар бид мэдээлсэн. Тус хоригдлууд гадуур ажиллаж байсан бөгөөд өчигдөр орой буюу энэ сарын 8-ны оройн 22.00 цагт алга болсон гэх мэдээлэл бүртгэгдсэн байдаг.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хоёр ялтан нь Эрүүгийн хуулийн 17.12.2-т зааснаар бусдын малыг бүлэглэж, хулгайлсан хэргээр 1 жил 8 сар, 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байжээ. Нэг нь хоригдоод жил гаруй болсон, нөгөөх нь хэдэн сар болоод байсан аж. Гэвч хоригдож байх хугацаандаа ийнхүү оргосон тул тэднийг баривчилсаны дараа шалтгаан нөхцлийг тодруулж, улмаар Эрүүгийн хуулийн 21.11-т зааснаар шийтгэнэ.
Тодруулбал, тус зүйл ангид "Баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг аж.
Энэ дагуу тус хоёр ялтныг 1-3 жилийн хорих ялаар нэмж шийтгэнэ.