Өнгөрөгч наймдугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ой, Хангайн бүсийн "Хотгойдын хурд" даншиг наадмын хамгаалалтад ажилласан цагдаа нар зам тээврийн осолд орж, хоёр нь хүнд гэмтэл авч, хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэмтэл авсан цагдаагийн хоёр алба хаагч тус сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг наймдугаар сарын 03-ны өдрийн 13:45 цагт Онцгой байдлын албанд хүргүүлжээ.
Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын МТ-1111 нисдэг тэрэг мөн өдрийн өдрийн 13:58 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16:12 цагт газардаж, 35 настай иргэн Н, 33 настай П нарыг авч хөөрч, Улаанбаатар хотод тээвэрлэн авчирсан байна.