“Богд хааны ордон музей”-г сэргээн засварлахад 2.6 тэрбум төгрөгийг зарцуулна. Тодруулбал, Богд хааны ордон музейн Лавиран, Найдан, Бурхадын сүмийн засварын ажлын зураг төсөл өнгөрсөн онд Барилгын хөгжлийн төвөөр батлагдан гарсан бөгөөд дурсгалт барилгыг задалж буулгах, вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга цонх зэргийг сэргээн засварлахаар болсон ба гүйцэтгэгчийн тендер сонгон шалгаруулалтад “Энэржин” ХХК шалгарчээ. Ингэснээр сэргээн засварлалтын ажлыг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр болсон аж.
Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей зэрэг түүхэн дурсгалт барилгуудаа хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд засвар шинэчлэлийн ажлууд үргэлжилж буй. Түүхэн дурсгалт барилгын сэргээн засварлалын ажил эхэлж байгаатай холбогдуулан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-аас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах юм.