Хүүхэд хүүхдээ “хорлох” аргыг томчууд нь зааж өгдөг гэвэл та итгэх үү. Тэгвэл итгэ, итгэх итгэхдээ бүр бат итгэ. Яагаад гэвэл гэрчтэй, нотолгоотой болохоор тэр.
Дээхнэ үед унаач хүүхдүүд уралдааны үеэр өөрийг нь түрүүлэх гэсэн унаач хүүхдийн эмээлийн олмыг суллаж унагадаг муухай зантай байв. Энэ арга цаг хугацааны эрхэнд төгөлдөршиж. Тэгэхдээ хурдан морь уяач нарын санасандаа хүрэх арга хэрэгслийн нэг ч болоодхов. Гялгар уут, урт сур гол “зэвсэг” нь. Чухамдаа “хорлох” зааврыг уяач өөрөө өгч, "цаазын" ял гүйцэтгэгч нь 8-11-хэн насны балчирхан унаач хүүхдүүд.
Хоёрхон сарын дотор зургаан хүүхэд мориноос унаж амиа алдаж, 12 хүүхэд бэртэж гэмтэв. Үүний хэд нь уяач нарын мунхаглалын золиос болсныг бид хэлж мэдэхгүй.
Хүүхэд мориноос уналаа, бэртлээ л гэнэ. Нийгмээрээ шуугина. Тэр бүрт асуудлын шалтгааныг “Ажлаа хийж чадаагүй мэргэжлийн байгууллагууд” хэмээн өөр тийш чиглүүлж, сенсацлана. Олон нийт ч ханарч орхино. Гэвч мэргэжлийн байгууллагуудаас хариуцлага нэхдэг шигээ асуудлаас цэвэрхэн мултардаг уяач нараасаа хариуцлага нэхсэн удаа бидэнд бий юу. Бусдын хүүхдийн эрүүл мэнд, амь насыг айраг, түрүү авахаас доогуурт тавьдаг байдал оршсоор байгаа цагт амиа алдаж буй унаач хүүхдийн тоог 0 болгоно хэмээн ярихаасаа ичих хэрэгтэй болов уу.
-Хашааны наана цаанаас урт сур, гялгар тор өгч авалцаж,
тэрийгээ уралдааны үеэр ашигладаг-
Хүүхэд өөрийн санаачлагаар гялгар уут хийсгэж, урт сураар зэрэгцээ яваа морио үргээхгүй нь лавтай. Тэгвэл бусдын хүүхдийн эрсдэлд оруулах эл үйлдэл хаанаас, хэний толгойноос урган гарч унаач хүүхдүүд нэгнийхээ амь нас, эрүүл мэндэд ийнхүү санаатай халдах болов.
Албаныхан ярьж байна. ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү “ГБХЗХГ болон цагдаагийн байгууллагын зүгээс холбогдох шаардлагуудыг тавьж ажилладаг. Гэхдээ иргэд ялангуяа уяачдын зүгээс эсэргүүцэл байна. Мөн хүүхдэдээ бусад хүүхдийн эрхийг зөрчихүйц зүй бус зүйлүүдийг зааж өгөх, авч өгч явуулах зэрэг асуудлууд гарч байгаа.
Тухайлбал, баяр наадмын уралдааны үеэр хүүхдүүд маш урт сурыг биедээ ороож орж ирдэг. Түүнийг нь нь хураагаад авчихлаар хүүхдэд олгосон картыг уяачдаа өгөх нэрийдлээр хашааны наана цаанаас урт сур, гялгар тор өгч авалцаж уралдааны үеэр ашигладаг явдал байна” гэв.
-Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдааны үеэр унаач хүүхэд ГЯЛГАР ТОР хийсгэсэн тохиолдол гарчээ-
Нэгэн жишээг сануулъя. Хоёр жилийн өмнө Төв аймагт болсон хурдан морины уралдааны үеэр Завхан аймгийн уугуул н.Нанзаддоржийн саарал зүсмийн даагыг “гялгар уут”-аар үргээж, улмаар унаач хүүхэд газарт унаснаар, саарал даага айрагдах боломжоо алдаж байв. Гэтэл энэ жилийн үндэсний их наадмын их насны морьдын уралдааны үеэр унаач хүүхэд гялгар тор хийсгэсэн тохиолдол гарчээ. Дахиад л хүүхэд хүүхдээ “хорлох” шахаж. Харин хэний заавраар вэ. Иймээс л хяналт тавих мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанаас гадуур “арга” сүвэгчилээд яваа уяач нарыг хариуцлага тооцдог механизм хэрэгтэй бүр шаардлагатай байна.
-УНААЧ ХҮҮХЭД: Уяач ингээрэй гэсэн. Араас ирэх морь үргээд ирэхгүй-
Уралдааны үеэр гялгар тор хийсгэсэн унаач хүүхдүүд эл үйлдлээ "Уяач ингээрэй гэсэн. Араас ирэх морь үргээд ирэхгүй" хэмээн тайлбарладаг гэнэ. Энэ талаар ГБХЗХГ-ын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү хэлэхдээ “Урт сураар зэрэгцээ хүүхдээ ороолгодог, мориноос нь татаж унагадаг, морины хөл рүү бугуйлыг шидэж унагаадаг гэсэн. Үүнийг хүүхдүүд өөрийнхөө амаар тайлбарласан. Дээр нь тариур, камер, гар утсыг хувцсанд нь бэхэлсэн байх нь бий. Тиймээс бид уралдааны үеэр хүүхдүүдийг шалгадаг. Гэтэл уяач нарын зүгээс "Яагаад хүүхэд нэгжээд байгаа юм бэ" гэж манай мэргэжилтнүүдийг аашилж уурладаг” гэв. Өөрөөр хэлбэл, унаач хүүхдүүд уяачийн зааврыг л дагаж орхисон хэрэг.
-Унаач хүүхдийн амь ам шүлснээс дор үнэлэгдэж байна-
Морь, хүүхэд хоёр эсэн мэнд бариандаа ирэх шиг жаргал үгүй. Гэтэл хурдан морь унахын хүслэн болсон хүүхдүүдийн хүслийг буруугаар ашиглаж буй ТОМЧУУДАД бид өнөөдөр хариуцлага тооцож чадаж байна уу. ХАРИУЦЛАГА гээч нь нөлөөллийн болон сануулж, зөвлөх л арга хэмжээ төдийхөн гэнэ.
Гудамж талбайд нус, цэр, тамхины иш, хогоо хаясан иргэнийг 50, хуулийн этгээдийг 500 мянгаар торгодог мөртлөө хүүхдийн амь насанд санаатайгаар эрсдэл учруулсныг ДОНГОДООД өнгөрдөг хуультай улс болж таарав. Унаач хүүхдийн амь ам шүлснээс дор үнэлэгдэж байгаа цагт бид хүүхдээ хамгаална гэж мянга цээжээ дэлдээд тусыг эс олно. Иймээс унаач хүүхдүүдийг эрсдэлд оруулж, амь нас эрүүл мэндэд нь санаатайгаар халдахыг завдаж буй үйлдлийн цаад эздэд хатуухан шиг хариуцлага тооцдог болъё. Эл нийтлэлээр бүхий л уяач нарыг буруутгах гэсэнгүй. Харин өөрийнхөө үр хүүхдээс ялгаагүй унаач хүүхдүүдийг амь нас, эрүүл мэндийг үл тоож буй хэсэг уяач нарын асуудлыг хөндөв. Тэд ч ялгаагүй хэн нэгэн аав, ээжийн эрх хүүхэд. Яс махны хэлтэрхий нь гэдгийг сана.
Аавынхаа сойсон морийг унаад гараанаас гарсан арван настай бяцхан охин буцаад хэзээ ч гэртээ харихгүйгээр хол одов. Харамсалтай.
Хэн бүхний хийморийг сэргээдэг хурдан морины уралдаанд уухайн дуугаар түрлэг нэмж, гийнгоо хадаах унаач хүүхдийг харж сэтгэлээ баясгаж болно. Харин амиа алдаж буй унаач хүүхдүүдийн асуудлаар л “наадаж” болдоггүй юм шүү, таминь.